Төөрөгдөл, мунхарлын гашуун түүхээс найдлага төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Төөрөгдөл, мунхарлын гашуун түүхээс найдлага төрүүлнэ

Мухар сүсгийн үнэн худал нь мэдэгдэхгүй үй түмэн ёс заншил энэ ертөнцийн өнцөг булан бүрт шигж, зарим ард түмэн, овог аймаг, үндэс угсаатан түүнийг тахиж шүтээд зогсохгүй амиа ч золин өргөж байжээ. Аянга цахилгаан, газар хөдлөл зэрэг байгалийн сүр хүч, мал амьтан, мод ургамал, уул ус, газар шороо гээд хүний сүслэн биширч, бас сохроор тахиж байсан, одоо ч зарим нутаг оронд хэвээр байгаа мухар сүсгийн маш олон ёсыг “Алтан гишүү” номонд тун чиг сонирхолтойгоор өгүүлсэн юм.  Энэхүү номонд элдэв бэрхшээл, эргэн тойрон бүсэлж хүрээлсэн аюулыг илбэ домоор даван туулахдаа хүн гагцхүү өөрийн хүчинд найдаж байлаа. Гэвч цаг хугацааны явцад тэд оюуны чадвартаа найдахаа больж, үл үзэгдэгч аугаа их шидийн амьтдын эрхшээлд өөрийгөө хүлцэнгүйгээр өгсөн тухай гардаг. Гэхдээ цаг хугацаа урсан өнгөрөхөд байгалийн үзэгдлийн уялдаа холбоо хөдлөшгүй хуулиудад захирагддаг биш, харин ямар нэг хэмжээнд өөрчлөгддөг бөгөөд урьдаас тааж мэдэх аргагүй шинжтэй байдаг гэсэн санааг гол болгож иржээ. Бүхий л цаг үед, бүх ард түмэнд хүний үндсэн олон хэрэгцээ мөн чанартаа огт ялгаагүй, харин түүнийгээ хангахын тулд хүмүүсийн хэрэглэдэг арга нь эрс өөр өөр байсан гэдгийг анхаарч  үзмээр. Хүний сэтгэлгээний урагшлах хүсэл, давших хөдөлгөөн ерөнхий шинжтэй, иймээс илбэ домоос шашнаар дамжин шинжлэх ухаан руу чиглэх байдлаар явагджээ гэсэн дүгнэлт хийж болох байна.

Харин зохиогч, судлаач маань “Энэ номонд өгүүлсэн биднийг эзэмдэж байсан, байгаа хүмүүний төөрөгдөл, мунхарлын гашуун түүхээс найдлага төрүүлэхүйц цөөн ч гэсэн сургамжийг авч болохгүй гэж үү”  хэмээн төгсгөлд нь асуулт тавиад өндөрлөжээ.  Уншаад үзэхэд хариулт нь аяндаа тодорхой болох эл ном “Интер” номын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж