МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолт хийх болсон талаараа өнөөдөр мэдэгдлээ. Тэдний тоглолтын тухай хэвлэлийн хурлыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны хурлын танхимд зохион байгуулсан нь зүгээр ч нэг тохиолдол биш ажээ. Гавьяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж буй ажээ. Тус аян нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготойг тэд тодотгож байлаа.
МУГЖ С.Жавхлангийн хэлснээр "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолт зөвхөн Улаанбаатар хотод болоод зогсохгүй бүх аймаг, суманд хүрэх гэнэ. Тоглолтын ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна эд материал болон бэлэн мөнгө болж очих ажээ.
Аяныг Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ дэмжиж байгаа юм байна.
Д.ЦЭЭЛ