Чөлөөт хэвлэл сан 20 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Чөлөөт хэвлэл сан 20 нас хүрлээ

-Чөлөөт хэвлэл сан үндэсний хэмжээний сонины 60 гаруй хувь, борлуулалтын 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 1300 нэрийн 60000 сонинг 500 сая даралт хуудсаар хэвлэн гаргажээ-  

“Монгол дахь Чөлөөт хараат бус хэвлэл” төслийн Данида үйлдвэр нэрээр овоглосон Сонины хэвлэх үйлдвэр сан 1996 оны хоёрдугаар сарын 27 –ны өдөр албан ёсны анхны үйлдвэрлэлээ эхэлж байжээ. Түүнээс хойш тив дэлхий эх орны өнцөг булан бүрт суугаа Монгол түмнийхээ гар дээр өглөө бүхэн хүрэх будаг нь ханхалсан нэн шинэхэн сонин хэвлэлийг хэвлэн гаргах үйлсэд хүчин зүтгэсээр 20 нас хүрч, тус хамт олон 20 жилийнхээ ойг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн ёслолд “Монгол дахь Чөлөөт хараат бус хэвлэл”-ийг анх ивээлдээ авсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Чөлөөт хараат бус хэвлэл төслийн менежер, Данийн сэтгүүл зүйн сургуулийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Йорген Ринггаард, УИХ-ын гишүүн, тухайн үеийн Монгол улсын шадар сайдын туслах, ЧХС-ийн анхны Захирлуудын зөвлөлийн гишүүн Н.Энхболд, тухайн үеийн МСХ-ны ерөнхийлөгч ЧХС-ийн анхны захирлуудын зөвлөлийн гишүүн Ц.Бат-Орших, МЧАСЭ-ийн ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн анхны гишүүн Ц.Дашдондов, тухайн үеийн ТӨХ-ны газрын дарга, анхны захирлуудын зөвлөлийн гишүүн Л.Энхтөр, Чөлөөт хэвлэл Сангийн Удирдах зөвлөлийн дарга асан Ж.Элбэгсайхан, МУ-ын зөвлөх инженер, ЧХС-ийн анхны ерөнхий инженер, гүйцэтгэх захирал асан Б.Галсандорж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, ЧХС-ийн анхны удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Монголын үндэсний номын сангийн захирал асан, ЧХС-ийн анхны удирдах зөвлөлийн гишүүн Г.Аким нарын зэрэг “Монгол дахь чөлөөт хараат бус хэвлэл” төслийн хүрээнд байгуулагдсан Сонины хэвлэх үйлдвэр сан буюу өнөөгийн Чөлөөт хэвлэл Санг үүсэн байгуулах, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс хүндэт зочноор уригдан оролцсон байна.  

Чөлөөт хэвлэл сан тулгын чулуугаа тулсан өдрөөс эхлэн төслийн болон байгууллагынхаа үндсэн зорилго зорилтондоо үнэнч байж, хуулийн хүрээнд шударга, хараат бус, ил тодоор үйл ажиллагаагаа явуулан, монголын бүх хэвлэн нийтлэгчдийг үйлчилгээний тэгш боломжоор хангах, найдвартай ажиллагаатай хэвлэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэвлэлтийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрийн техник, технологио шинэчлэн сайжруулсаар, эдүгээ хэвлэлийн салбарт өөрийн гэсэн орон зай, байр суурь эзэлсэн орчин үеийн үйлдвэр болон хөгжсөн юм. Чөлөөт хэвлэл сан үндэсний хэмжээний сонины 60 гаруй хувь, борлуулалтын 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 1300 нэрийн 60000 сонинг 500 сая даралт хуудсаар хэвлэн гаргажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж