Кассын машин өндөр үнээр шахав уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Кассын машин өндөр үнээр шахав уу?

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, дэд дарга Н.Энхцогт нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм. Ингээд Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвийн хариултыг хүргэе.

1.Гааль, Татварыг нэгтгэхэд эцсийн байдлаар хэчнээн хүн цомхотгох вэ. Улсын нууц мэдээллийг хадгалж чадаж байна уу?

-Гааль татварын ерөнхий газрын үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Хоёр байгууллага нэгдээд 3300 гаруй ажилтантай болсон. Улмаар ажлын чиг үүрэг давхардсанаас 150 гаруй хүнийг цомхотголд оруулахаар болсон. Ямар хүмүүсийг цомхотгох вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд 80 гаруй өндөр настай хүн ажилладаг. Тэдний саналыг авч байгаа. Энэ дундаас тодорхой тоо гарах байх.

Мөн хоёр байгууллага нэгдэхээс өмнө сахилга хариуцлага алдсан, хууль шүүхийн байгууллагаар явж хэрэг нь шийдэгдсэн хүмүүс бий. Нийтдээ 40-50 хүн байгаа. Тиймээс эдгээр ажилтнууд дундаас цаашид тэнцэхгүй хүмүүсийг цомхотголд оруулах тухай ярьж байна. Гэхдээ бидний зүгээс одоо байгаа ажлын байрыг аль болох хадгалах, өөрчлөлт оруулахгүй чиглэлийг барьж байна.

Улсын нууц мэдээллийг мэдээж хадгалж чадаж байгаа. Нууцын тусгай журамтайгаар хоёр байгууллага чанга дэглэмтэй ажилладаг байсан. Энэ дэглэм хэвээр үргэлжилж байгаа гэдгийг хэлье.

2.НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд жижиг аж ахуйн нэгжүүдийг сая гаруй төгрөгийн үнэтэй кассын машин авахыг шаардаж байгаа талаар гомдол их ирж байна. Өндөр үнэтэй машин шахахгүй байх боломж бий юу?

-Мэдээж жижиг аж ахуйн нэгжүүд 1-2 сая төгрөгийн үнэтэй кассын машин ажиллуулах шаардлагагүй. Энэ шийдлийг бид хийж, олон нийтэд таниулж, ойлгуулж, сургалт явуулж байгаа. Мөн нэг цэгийн үйлчилгээний цэг ч ажиллуулж байна. Энд жижгээс том хүртэлх бүх төрлийн кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг байрлуулсан. Энэ дунд 80-120 мянган төгрөгийн үнэтэй иж бүрэн баримт хэвлэх төхөөрөмж бий. Хуульд зааснаар кассын машин болон түүнтэй адилтгах тоног төхөөрөмжийг ажиллуулж болно гэсэн. Тиймээс жижиг аж ахуйн нэгжүүд 80-120 мянган төгрөгөөр баримт хэвлэх төхөөрөмж авах боломжтой. Иргэдийн хувьд зарим нь ташаа ойлгосон байна.

-Иргэдийн зүгээс кассын машин авах асуудалд яагаад эсэргүүцэлтэй хандаад байна вэ?

-Борлуулалтаа нуухаас эхлээд жижигхэн асуудлаас болоод кассын машиныг эсэргүүцээд байгаа цөөн хэсэг бий. Гэхдээ дэмжиж буй тал дийлэнх байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд энэ хуулийг бүрэн хэмжээнд дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар манайд 15 сая орчим баримт цугларсан байна. 30 орчим мянган аж ахуйн нэгж баримтын мэдээллээ илгээсэн. Хамрах хүрээ бидний тооцоолсноор 30 хувьд хүрсэн. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжүүд биднийг дэмжиж буйн илрэл.

Бид 34.8 их наяд төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг нэгнээсээ нууж тоглож байжээ. Энэ хэмжээний хөрөнгө улсын төсөвт аль хэдийн нэмж орж ирсэн бол багш, эмч нарынхаа цалинг нэмэх байлаа. Даанч энэ мөнгөө хурааж чадаагүй. Ямартай ч бид энэ замаар цаашид хол явахгүй юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр хуулиа хэрэгжүүлсэн.

Мэдээж бидний хувьд сурталчилгаа, сургалтыг илүү хийх шаардлагатай нь харагдлаа. Ер нь Гааль, татварын байгууллага нэгдсэний гол ач холбогдол нь иргэд ч мэдээллээ нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ. Цаашид бид гааль, татварын байгууллагын мэдээлэл, зөвлөгөөг иргэд, аж ахуйн нэгжид утсаар өгдөг болохоор ажиллаж байна.

3.Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн сурталчилгаа мэдээлэл бага хүргэснээс хамрагдаж, хөрөнгөө ил болгож чадсангүй гэх гомдол ирж байна. Ялангуяа нийт иргэдийн 90 орчим хувь нь ойлгоогүй гэх юм?

-90 орчим хувь нь ойлгоогүй гэдгийг дэгсдүүлсэн тоо болов уу гэж харж байна. Ил тод байдлын тухай хууль эхлэх гэж байна, дуусах гэж байна, хугацааг сунгалаа гэх мэтчилэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай сурталчилсан. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 50 хувь нь тайлан мэдээгээ шинэчилж ирүүлсэн. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл хангалттай хүрсний илрэл гэж бодож байна. Хуулийн хугацааг сунгах асуудалд манай байгууллага санал илэрхийлж, шийдвэр гаргах боломж байхгүй. Бидний зүгээс мэдээллийг хангалттай хүргэсэн гэж бодож байгаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж