Сургалтын төрийн сангийн зээлээр 2011-2012 оны хичээлийн жилд гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт 108 хүнийг суралцуулахаар энэ сарын 16-18-ны өдрүүдэд шалгалтад орох иргэдийг бүртгэлээ. Бүртгэлийн дүнгээс үзэхэд оролцогчдын тоо хангалтгүй байсан учир бүртгэлийн хугацааг сунгаж энэ сарын 29, 30 болон ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 09.00-16.00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын сангийн 305 дугаар өрөөнд бүртгэхээр болжээ. Энэхүү шалгаруулалтад бакалавр, магистрын боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс оролцох эрхтэй юм байна. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл, түвшин, захиалагч байгууллага болон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэх материал, шалгаруулалтын тухай мэдээллийг www.mecs.gov.mn гэсэн цахим хуудаснаас авч болно. Мөн бүртгэлийн хугацааг сунгасантай холбогдуулан шалгалтыг ирэх долдугаар сарын 6-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулж, шалгалтын дүнг ирэх долдугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагт зарлахаар болжээ.
А.Зул