Английн премьер 28 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Лестер” клуб хоёр оноо алдсан болохоор араас нь нэхэж байгаа багуудад боломж олдсон юм. Гэвч “Арсенал”, “Тоттенхэм”, “Сити” гээд нэхэж байгаа багууд бүгд оноо алдлаа.
Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Тоттенхэм” клуб энэ тойрогт “Вест Хэм”-ийн талбайд зочилж, 1:0-ээр хожигдлоо. Ингэснээр 54 оноотой хэвээр үлдэж, хүснэгтийг тэргүүлэх боломжоо алдлаа. Хэрвээ тэд хожсон бол гоолын зөрүүгээр “Лестер”-ийн дээр бичигдэх байсан юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 7 дахь минутад Антонио оруулжээ.
Тэгвэл түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Арсенал” клуб талбайдаа “Соунси”-г хүлээж авсан ч 1:2-оор хожигдож, “Тоттенхэм”-ийг гүйцэх боломжгүй боллоо. Тоглолтын 15 дахь минутад Кэмпбелл гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 32 дахь минутад Раутлеж тэнцүүлсэн бол 74 дэх минутад Уильямс хожлын гоол оруулжээ.
Түүнээс гадна түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа бас нэг баг болох “Манчестер Сити” энэ тойрогт “Ливерпүүл” клубын талбайд зочилж, 3:0-ээр хожигдлоо. Ингэснээр байраа ахиулах боломжоо багасгаж байгаа юм. Тоглолтын 34 дэх минутад Лаллана тооны харьцааг нээсэн бол 41 дэх минутад Милнер нэгийг нэмж, Фирмино 57 дахь минутад гүйцээжээ.
Бусад тоглолтын үр дүн
Сток Сити 1-0 Ньюкасл
Манчестер Юнайтед 1-0 Уотфорд
Эх сурвалж: www.mminfo.mn