
Тэрбээр юуны өмнө хотын зам засварын ажлын явц сайн байгааг онцлоод зарим нэг жижиг асуудлуудаар том бүтээн байгуулалтын ажилд садаа болохгүй байхыг анхаарууллаа. Гадаад харилцааны яамны баруун талын уулзварыг өргөтгөх ажил хийгдэж, одоо троллейбусны 4 шугамыг зайлуулах ёстой ч хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад хийхгүй цаг алдаад байгаад даруй арга хэмжээ авч шийдвэрлэхийг даалгасан. Шугам сүлжээ шинэчлэх, зайлуулах, шинээр ус зайлуулах шугам тавих гээд энэ жил нийслэлд хийгдэж буй бүхий л замын ажлууд дээр шугам сүлжээний ажил давхар хийгдэж байгаа тул нилээд хүнд нөхцөлд байгаа хэдий ч ажил нь тогтсон графикийнхаа дагуу сайн хийгдэж байгаа, мөн иргэдийн зүгээс ч маш сайн дэмжиж байгаа ажилд садаа бололгүй, нийтийн эрх ашгийг нэг номерт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга анхааруулсан юм. Мөн тэрбээр зураг төсөл нь батлагдаад, хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн ажлууд шуурхай хийгдэхгүй байгаа бол эрх шилжүүлсэн эзэдтэй нь хариуцлага, ажлын үр дүн ярих болно гэдгийг онцлоод хэн ажлаа сайн зохион байгуулж байгаа нь ээлжийн амралт эдлэх болно гэдгийг санууллаа.