“Хэн шатаагаад байгааг мэднэ”

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

“Хэн шатаагаад байгааг мэднэ”

“Нарантуул” захад дахин гал гарснаас гурван хоног үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. Гал шөнийн 03.00 буюу хүмүүсийг ид унтаж байхад гарчээ. Галын санаатайгаар тавьсан гэж тус захын босс Ш.Сайхансамбуу үзэж байгаа бололтой. Тэрбээр энэ талаар твиттер хуудснаа “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд, гэр бүл бий” хэмээн жиргэснээс харахад хоёр дахь удаагаа зах нь галд өртсөнд Ш.Сайхансамбуу нэлээд бухимдалтай байгаа бололтой.

Мөн “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч  яваа ажил хөдөлмөр буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байгаа” хэмээн үргэжлүүлэн жиргэсэн байна.

Тус захын хүнсний төв гурван жилийн өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 22-нд гал гарч, дотор нь байсан нэг эмэгтэй нас барсан эмгэнэлт явдал гарч байв. Галын шалтгаан нь галын аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг холбогдох газрууд нь тухайн үед гаргаж байсан юм. Онцгой байдлын газраас удаа дараа галын аюулгүй байдлыг хангах шаардлага тавьж байсан гэдгээ уг үйл явдлын дараа мэдэгдэж байна. Мөн давхар, давхар түрээслүүлэгчээс болоод олон хүн хөрөнгөөрөө хохирсон гэдэг.  Шатсан төвийн барилга дээр хэдэн давхар орчин үеийн худалдааны барилга барьсан.

“Нарантуул” захыг битүүмжлэх тухай яриа гардагч , захын эзний зүгээс “Түрээсийн үнэ нэмэгдвэл түрээслэгчдэд хүндрэлтэй. Манай захын ихэнх худалдаачид өрх толгойлсон эмэгтэйчүүд” гэсэн тайлбар өгдөг.  Ийнхүү “Нарантуул” зах галд өртсөн нь санаатай үйлдэл үү эсвэл санамсаргүй явдал уу гэдгийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоох биз.

Гэхдээ сүүлийн үед зах, худалдааны газрууд гал өртөж, их хэмжээний хохирол амсах эрсдэлтэй байгаа. “Сандай”, “21 худалдааны төв”, “Барс” захуудад гал гарч байсан. Тиймээс худалдааны төвүүд галын аюулгүй байдлаа хангах шаардлагатайг холбогдох газруудаас мөн л удаа дараа сануулсаар ирсэн.  Хэрэв үнэхээр хэн нэгэн шатаагаагүй, галын аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал гарсан бол үүний хариуцлагыг Ш.Сайхансамбуутай ярихаас өөр аргагүй. Харин санаатай гал тавьсан хэмээн түүний хардаж байгаа хүн хэн бэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж байна. Ш.Сайхансамбуугийн хувьд гишүүн байхдаа “Миний авлига өгч байсан хүмүүс энд чуулганы танхимд сууж байна” хэмээн мэдэгдэж, дараа нь энэ үгнээсээ буцаж байсан тохиолдол байдаг.

 Б.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж