З.Алтай: СУУДАЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН ҮЛДЭХ АРГАА Л ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА
-Сонгуулийн холимог тогтолцоо ямар хувь хэмжээтэй байх тухай хоёр намын бүлэг албан ёсоор байр сууриа илэрхийллээ. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна?
-Сонгуулийн тогтолцооны үндсэн асуудал дээр хоёр нам эсрэг тийшээ харчихлаа. Бид энэ байр суурин дээрээ бат зогсоно гэж удирдагч нар нь хэвлэлээр мэдэгдээд л байна. Зарчмийн асуудалд эсрэг байр суурьтай байгаа юм чинь Сонгуулийн хууль явахгүй шүү дээ.
-Ажлын хэсгийнхэн зөвшилцөнө гэдэг чинь харилцан буулт хийнэ гэсэн үг биш үү?
-Юу л бол доо. Тэдгээр намууд чинь дотроо хүртэл учир зүйгээ олоогүй л байгаа шүү дээ. Яавал би энэ суудал дээр амьд үлдэх вэ гэдгээ бодож байгаа болохоос биш сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох нь тэдэнд чухал биш. Энд байгаа олон гишүүд ийм зүйл бодож байгаа цагт хэзээ ч сонгуулийн хууль явахгүй. Ихэнх гишүүн суудал дээрээ хэрхэн үлдэх аргаа л эрэлхийлж байна.
-Энэ бүхэнд дүгнэлт хийвэл ирэх сонгууль ямар тогтолцоог сонгох юм шиг харагдаж байна?
-Миний бодлоор 2008 оны томсгосон мажоритар хэлбэрээр явах болов уу л гэж харж байна. Аль хэдийн нүхээ ухчихсан, тойрогтоо дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн улсууд юу гэж ийм сайхан боломжоосоо салахыг бодох вэ дээ.
Э.Бат-Үүл: МАН ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ БОЛОХГҮЙ
-МАН-аас мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжиж байгаа талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн талаар ямар бодолтой байна вэ?
-МАН нь дангаар ийм шийдвэр гаргах ёсгүй. Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудалд хоёр тал хамтран ажиллахаар заасан. Гэтэл дангаараа шийдвэр гаргаад, ийм болчимгүй зүйл яриад явж болохгүй. Пропорциональ давамгайлсан байхыг бусад намууд, жендерийн квотын талаар төрийн бус байгууллагын төлөөлөгчид шахаж байж ажлын хэсгийн саналт тусгаж байсан. Мажоритар давамгайлсан тогтолцоонд шилжинэ гэдэг нь тэр шинэчлэлээс ухарч байна гэсэн үг. МАН нь ийм байдлаар хариуцлагагүй хандаж болохгүй.
Б.Батбаяр: ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД БАГААС НЬ ЭХЛЭХ НЬ ЗӨВ
-МАН-аас мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжиж байгаа талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ шийдвэрийг нь бололцооны шийдвэр гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шууд нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих нь хэцүү. Пропорциональ тогтолцоог сонгоход үүсэх асуудал ч нилээдгүй байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд багаас нь эхлэх нь зөв. Мэдээж үүнээс цааш улам гүнзгийрүүлэх ёстой. Манай намын бүлгээс пропорциональ давамгайлсан байх шийд гарсан ч би хуучнаараа явсан ч яадаг юм бэ гэж хувийн байр сууриа илэрхийлж байгаа нь энэ. Шууд том өөрчлөлт хийх нь эрсдэл ихтэй л зүйл.