Гал сөнөөгчийн малгай зууван болтлоо хайлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгчийн малгай зууван болтлоо хайлжээ

11:47

ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас Нарантуул худалдааны төвд гарсан галын талаарх мэдээллийг дөнгөж сая сэтгүүлчдэд өглөө. Нарантуул олон улсын худалдааны төвд гал гарсан талаарх дуудлагыг 101 тоот утсанд өнөө өглөө /2016.03.0.3/-ний 03:39 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу гал сөнөөгчдийг Нарантуулд очиход гал их хэмжээгээр тархсан байжээ. Галыг унтраахаар ажилласан гал сөнөөгчийн малгай галын нөөлөгт зууван болтлоо хайлсан байна. Тийм их хэмжээний тархалттай гал гарсан байсан тул онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулжээ. Галын тархалтыг  өглөөний 04:50  зогсоосон ч 07:00 хүртэл үргэлжлүүлэн ажиллаж бүрэн унтраажээ.

Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч Нарантуул захыг хамгаалалтад аваад байгаа юм байна. Тус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг бөгөөд түүний талаас илүү хувь буюу 2500 гаруй ам метр талбай нь  галд өртөж,шатсан байна.  Гал гарсан шалтгааныг одоогоор  тодорхой хэлэх боломжгүй бөгөөд мэргэжлийн байгууллагууд  шалгаж байгаа гэдгийг эх сурвалжууд тодотголоо.  Түүнчлэн түрээслэгчдийн хэлээд байгаачлан их хэмжээний бөс бараа шатсан эсэх, хяналтын камер нь ажилласан үгүйн талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Энэ бүгдийг шалгалтаар тогтооно гэв.

Өмнө нь Нарантуул захад гарч байсан хоёр удаагийн  гал юунаас болсныг тодруулахад “Галын дүгнэлтийг  цагдаагаас прокурорт шилжүүлсэн. Түрээслэгчид мэргэжлийн байгууллагаас гаргасан галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул дахин мөрдөн байцаалтад шилжээд байгаа. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан бичиг өгөх учиртай” гэсэн хариуг өглөө.

Д.УЛМАА


10:08

Сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байна

“Нарантуул” худалдааны төв дахин галд автлаа. Гал гарсан шалтгаан, нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НОБГ-аас тун удахгүй өгнө гэдгээ мэдэгдсэн. НОБГ-ын мэдээлэл 11:00 цагт зарлагдсан ч хэвлэлийнхэн  гал гарсан газарт олноороо очоод байгаа юм.

Харамсалтай нь Нарантуулын удирдлагууд болоод худалдаа наймаа эрхлэгч иргэдтэй хэвлэлийнхнийг уулзуулахгүй байна. Тухайн бүсэд хязгаарлалт хийж, цагдаагийн хамгаалалтад авч, сэтгүүлчдийг зах руу нэвтрүүлэхгүй байгаа юм.  “Нарантуул” ОУХТ-ийн удирдлагууд,  НОБГ, цагдаа нар захын захиргааны байшинд гурвалсан уулзалт хийж байгааг зарим эх сурвалж тодотгож байлаа.

Гал тус захын баруун өмнөд хэсэгт байрлах бөс барааны лангуу хавиас гарсан гэх бөгөөд бөс барааны  найман эгнээ лангуунууд бүрэн шатсан гэнэ. Нэг эгнээнд арав гаруй хүн нйамаа эрхэлдэг бөгөөд нэг  лангуунд л гэхэд 10-100 сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн байсан гэж түрээслэгчид хэлж байна. Захын удирдлагууд урьд өмнө гарсан галын дараа захыг бүхэлд камертай болгосон гэж байгаа ч урьд шөнийн галын дүрс камерт үлдсэн гэдэгт худалдаа эрхлэгчид итгэлгүй байна. Учир нь камернууд нь байсгээд л эвдэрдэг гэмтэй гэнэ.


08:34

Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөө  өглөө үүрээр гал гарчээ.  Үүр шөнийн заагт буюу 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гал гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газраас  "03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажиллажээ.  Өглөөний 08:10 цагийн байдлаар Нарантуул захын галыг унтраасан ч бүрэн унтрааж задаргаа хийж шалгахаар гал сөнөөгчид ажилласан хэвээр байлаа.

Нарантуул худалдааны төв урьд хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж