Эрүүл мэндийн салбарынхныг төрийн албаны сүлжээнээс гаргах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхныг төрийн албаны сүлжээнээс гаргах хэрэгтэй

С.ЛАМБАА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫГ ТӨРИЙН АЛБАНЫ СҮЛЖЭЭНЭЭС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Төрийн ордонд өчигдөр Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар үг хэлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар салбарын бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Уг хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзлаа.

-Салбарын хүрээнд ямар асуудал байна, хэрхэн шийдвэрлэж байна?

-Энэ удаагийн хэлэлцүүлгээр миний зүгээс эрүүл мэндийн салбар ямар түвшинд байгаа, ямар бэрхшээл байгаа талаар үндсэнд нь ярилаа. 2008 оноос хойш эрүүл мэндийн салбарын хөрөн­гө оруулалт, санхүү, зохион байгуулалтын хувьд томоохон дэвшил гарсан. Монголын эрүүл мэндийн байгууллагууд байшин барилгаас эхлээд техник технологийн хувьд, эмч мэргэжилтнүүдийн хувьд ч хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний дараа ямар өөрчлөлтүүд хийхээ тус бүрт нь тооцно. Жишээ нь, Эх нялхсын асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотод шинээр төрөх эмнэлгүүдийг барихаар болсон. Эх нялхсын эрүүл мэндийн төвийг нийслэлд бариулж бие даалгаж эхэллээ. Үндэсний оношлогооны төвийг барих ажлыг эх­лүүлээд явж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй уг төвийг байгуулснаар иргэд маань гадаад руу явж шинжилгээ, оношлогоо хийлгэх  гэдгээ болино шүү дээ.

-Эмч нарыг чадваржуулах шаардлагатай гэ­сэн үг үү?

-Эмч нар маань ч орчин үеийн тоног төхөө­рөмжинд дасан зохицсон мэргэжил боловсролтой болох ёстой. Анагаах ухааны их сургуулиас авсан мэдлэг хаана ч хүрэхээ больж байна. Шинжлэх ухааны хурдацтай хөгжил нь ийм байдалд хүргэж байна. Өнөөдөр гарсан тоног төхөөрөмжийг ирэх жил нь авах гэхээр өөрчлөгдөөд дараагийн хувилбарууд нь гарчихдаг боллоо. Иймд эрүүл мэндийн салбарт иж бүрэн, цогц санхүүжилт хийгдэх ёстой.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийн нэг хэсэг нь шийдвэрлэх арга замын тухай байгаа. Иймд эмч нарын асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байгаа бол?

-Төрийн албан хаагчийн ангилалаас эмч на­рыг гаргавал нийгмийн асуудлыг цалингаар нь дамжуулан шийдвэрлэх боломжтой. Төсөв, даат­гал, төлбөр бусад орны санхүүжилтээр бие дааж явуулах юм бол эрүүл мэндийн салбарт ажиллагсад төрийн захиргааны албан хаагчдаас хэд дахин их цалин авах боломжтой. Төрийн албан хаагчдийн цалингийн ангилалаар бариад байна. Яагаад ингэх ёстой вэ гэхээр тэд чинь аж ахуйн үйл ажиллагааг хавсарч хийж байгаа шүү дээ. Хэрвээ төрийн захиргааны энэ сүлжээнээс гаргачихвал маргаашнаас ч хамаагүй цалинг нь 500 мянгаас дээш болгочихмоор байна. Ийм бололцоо бий. Ингэвэл орон тоо ч цөөрч, цэгцтэй болно.


Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж