Д.Энхбат: МАН урваж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: МАН урваж байна

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН, МАН–ынхан сонгуулийн тогтолцооны холимог хувилбарын хувь хэмжээг ямар байх талаар өөрсдийн албан ёсны байр сууриа илэрхийллээ. Гэхдээ эдгээр намуудын шийдвэрээс МАН-ын шийдвэр олон хүнийг “шоконд” оруулчих шиг боллоо.

-Гурван жилийн өмнө буюу 2008 оноос хойш улс төрийн шинэчлэл хийнэ гэж амлаж байсан. Үүний дагуу Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүдийн санаачлан оруулж ирсэн төсөл нь 100 хувь пропорциональ тогтолцоотойгоор боловсруулагдсан. Мөн Лу.Болд нарын гишүүдийн оруулж ирсэн төсөл ч 100 хувийн пропорциональ тогтолцоонд тулгуурлаж байсан. Өнгөрсөн гурван жилийг эргээд харахад эхний удаад сонгуулийн тогтолцоог 100 хувийн пропорциональ болгох хуулийн төслийг боловсруулж байна гэж нэг жил биднийг хуурсан. Дараагийн жил нь шууд пропорциональ байх нь хэцүү юм  байна, холимог болгоод багахан хэсгийг нь хуучин мажоритар байдалтай байлгацгаая гэж хуурсан. Гуравдахь жилд нь, техникийн асуудлуудаа ярьж байна, улс төрийн асуудлаа сүүлд нь шийдэцгээе гэцгээсэн. Гэтэл ийнхүү яг гурван жилийн дараа өнөөх хайрцагаа онгойлгоод харсан чинь бүх зүйл эсрэгээ мажоритар давамгайлсан болчихсон байх юм. Ингэж л 2,7 сая хүнийг хуурч байгаа шүү дээ. Үүнийг нь МАН монголын ард түмний өмнө ярьж байсан амлалт, парламентад хүлээсэн үүргээсээ урваж байгаа хэрэг гэж харж байна.

-Уг нь МАН-ын Их хурлаар ард түмний оролцоог илүү хангасан сонгуулийн тогтолцоог бий болгох тухай зорилт гаргасан. Үүнийг нь пропорциональ гэж ойлгож байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. С.Баяр дарга таван төгөлдөршилийн санааныхаа хүрээнд пропорционалийг 100 хувь дэмжих тухайгаа ярьж байсан. Санаж байгаа бол, Ц.Элбэгдоржийг АН-ын дарга байх үед нь 100 хувь пропорциональ тогтолцоотой болцгооё гэж уриалсан. Долдугаар сарын 1-ний дараа энэ бүх байдлыг өөрчлөхгүй бол болохгүй нь гэдгээ ч хэлж л байсан. Мөн хамтарсан засгийн газрыг байгуулаад ийнхүү хамтарсны хамгийн гол зорилт нь энэ шүү гэдгээ 2,7 сая хүний өмнө амласан. Өнөөдөр харин “хуурсан юм аа” л гэж байна.

-МАН-ын удирдагч С.Баяр солигдсонтой холбоотойгоор ийм шийдэлд хүрсэн юм болов уу? 

-Үгүй л байлгүй дээ. Харин 2012 оны сонгуульд МАН нь амиа бодохгүй бол болохгүй л гэж бодсон бололтой. “Улс орон хамаагүй, ирэх сонгуульд үлдэх ёстой” л гэх шийдвэр гаргалаа. Зоосны нүхээр харна гэдэг шиг бүх зүйлийг 2012 оны сонгуулиар харж байгаа байхгүй юу. Ингэснээрээ Монгол улсын хөгжил, шинэчлэл, дараа дараагийн асуудлыг бодолгүйгээр зөвхөн хар амиа бодсон алхамыг л хийлээ.

-ИЗ-НН-ийн хувьд аль талд орох нь бараг тодорхой л байлгүй дээ?

-Ардчилсан нам пропорциональ давамгайлсан байр суурин дээрээ байна гэдгээ хэлж байна. Иймд ИЗ-НН-ын хувьд 50:26 гэх хувилбарыг бүрэн дэмжиж байгаа.

-Гуравдагч хүчний дэмжлэг байгаа нь Ардчилсан намын давуу тал болох болов уу?

-Ардчилсан намаас нэг хүсэлт тавьж байна. Тэд “та нар урвадаг шүү, тал нь урвадаг тал бий шүү. Ийм зүйл дахиж битгий хийгээрээ” гэж хэлж байгаа.

-Аль аль нь гаргасан шийдвэртээ хатуу зогсохоо мэдэгдсэн. Хоёр тийш харж суусаар байгаад сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй байх хугацаанд хүрчихвэл хуучин тогтолцоогоор сонгууль явагдана шүү дээ?

-Үнэхээр 2008 оны хувилбар руу орж магадгүй. Тэгвэл бараг тэр нь дээр. Уг нь бид буцаж болохгүй.

-Яагаад тэр нь илүү дээр гэж?

-Гаргасан хувилбар нь жижиг 76 хувилбараас дор шүү дээ. Жижиг 76 хувилбар нь дарга цэрэг ялгалгүй цөмөөр нэг нэг тойрогт ороод шударгаар өрсөлддөг. 52:24  гэдэгт харин өөр. 52 гишүүн нь 76-тайгаа адилхан ороод нэг нэг тойрогт өрсөлдөөд, 24-ийн гуравны нэг буюу, нам 30 хувийн санал авна гэдэг нь зургаа долоон дарга нар “үнэгүй” орох боломжийг бүрдүүлдэг. Энэ нь хэдхэн дарга нараа сонгуульд өрсөлдүүлэхгүйгээр парламентад оруулдаг мажоритар тогтолцоо л гэсэн үг. Ийм зүйл хэрэггүй биз дээ.

-Хамгийн сүүлд л гэхэд улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байх тухай санамж бичигт бүгд гарын зүсгээ зурж баталгаажуулсан. Энэ бичгийн хоёрдугаар зүйл дээр сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зорилт тавьж байсан. Энэ бүхнийг нь намууд ойлголцоод л яваад байгаа юм байна гэж бодуулахад хүргэсэн.    

-Ер нь 2008 оноос хойш олон удаа ийм зүйл хийсэн шүү дээ. Хуурч л байж.

-Хамтарсан засгийн газрын хэлэлцээрийн гол зорилтоо зөрчсөн гэж үзвэл, өөр шинэ асуудал гарч ирэх нь ээ?

-Анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулах хэрэггүй байсан гэдэг нь л үүгээр тод харагдаж байгаа юм.

-Энэ асуудалд улс төрийн гуравдагч хүчний зүгээс хийх алхам юу байна?

-Бид нэг дүгнэлт хийж болно. Парламентад эвтэй найртай байх, улс орноо хөгжүүлэх зэрэг энэ бүхэнд бие биенээ хуурдаг юм байна. Үнэхээр улс орны өөрчлөлттэй холбоотой асуудал ярихаар өөрсдөө буцаж байна. МАН хэрвээ энэ байр сууриндаа байсаар байвал бид тэдэнтэй эвтэй байх тухай ярьж ерөөсөө болохгүй. Монгол Улсын эрх ашгаас урваж буй улсуудтай эвтэй байж яах юм бэ.

-Намын бүлэг дээр ажлын хэсэг эхнээсээ байгуулагдаад эхэллээ. Хэлэлцээрийн ширээнд удахгүй суух байх даа. Аль нь буулт хийх бол?

-Ардчилсан нам ерөөсөө буцах ёсгүй. Гурван жил амлачихаад буцвал адилхан л шившиг болно. Ийм зүйл хийж болохгүй. АН ч буцах ёсгүй, ИЗ-НН буцахгүй, МАН ч буцах ёсгүй байсан.

-Өмнө нь та 38:38 хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжтойгоо хэлж байсан. Эрх баригч хоёр нам эсрэг зүйл ярьж байгаад голын хувилбараар нь 38:38 дээр буух болов уу гэсэн таамаглал байсан болоод тийм зүйл ярьсан юм биш биз?

-Үгүй. Ийм зүйл байгаагүй. Энэ бол наймаа хийдэг салбар биш. Монголын ард түмний өмнө амласан улс төрийн шинэчлэл хийх зорилтоосоо урвах хэрэггүй биз дээ.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх­тэй холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал босч ирдэг байх аа?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Засаглалыг бүрдүүлдэг сон­гуу­лийн хуулийг шинэчилснээр монголын засаглалд чанарын ахиц гарна. Улс төрийн намууд командын тоглоомонд орж тойргоор хуваагддагаа болино. Мөнгөний сонгууль багасна. Уул уурхайнхны дарамт шахалт өндөртэй үед улс төр илүү тогтвортой болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд сонгуулийн механизмтай холбоотой бага зэрэг засвар хийж бололгүй яах вэ. Монголын ард түмний эрх ашигт нийцэж байвал ганц хоёр заалт нэмж болох байлгүй.

-Гадаадад буй Монголчууд сонгуульд оролцох боломж, жендерийн асуудлыг шийдвэрлэх боломж МАН-ын санал болгоод буй мажоритар давамгайлсан тогтолцоог сонгосон үед ямар түвшинд байгаа вэ?

-Уг нь пропорциональ тогтолцоо нь жендерийн асуудал, гадаадад буй монголчуудын сонгууль өгөх боломжинд ээлтэй. Пропорциональ нь илүү ардчилсан. Пропорционалийнхаа жагсаалтыг бүрдүүлэхийн тулд нам дотроо хуралдаж шийдвэрээ гаргадаг. Сонгуулийн эхний шат нам дотор явагдана гэсэн үг. Аль намын хүн нөгөө намын хүнээс айдаггүй, харин нам дотроо өрсөлдөхөөс л айдаг. Нам доторх өрсөлдөөн хүчтэй болох нь улс төрийн намыг эрүүлжүүлэхэд эерэг нөлөөтэй. Харин мажоритар тогтолцоотой үед ийм боломж тун бага. Өнөөдөр судалгаагаар гуравдагч намуудаас парламентад зургаан хувийн санал авч байгаа ганцхан нам бий нь ИЗ-НН. Дараагаар нь Н.Энхбаярын үүсгэн байгуулах гэж байгаа нам таван хувийн санал авсан байна. Бусад жижиг намуудын эзлэх хувь 1,2 хувь ч хүрэхтэй үгүйтэй байна. Үүгээр жишээ болговол, хэрвээ гуравдагч хүчин зургаан хувийн санал авбал 24:25 ийн хувилбараар нэг л гишүүн сонгогдох нь. Үүнийг нь бодсон ч улс төрийн шинэчлэл хийгдэхгүй гэсэн үг. Гадаадад суугаа монголчуудаас хичнээн санал авсан ч нэг суудал хүрэхээргүй болох нөхцөл бий болно.

-Босго ямар хэмжээтэй байх талаар шийдэлд хүрээгүй байгаа. Энэ зүйлд анхаарал хандуулж байгаа юу? 

-Дэлхийн орнуудын жишгээр босго дөрөв орчим хувьтай байдаг. Энэ асуудлыг ярьж байгааг тохирох боломж байгаа биз.

-ИЗ-НН ингэхэд Улсын дээд шүүхтэй учир зүйгээ ололцсон уу. Улс төрийн нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөөд байгаа тул ингэж асууж байна?

-Улсын дээд шүүхээс материалаа шинээр бүрдүүлж өгөхийг нэхсэн. Үүнийх нь дагуу бичиг баримтаа өгөөд л явж байна. УДШ бүртгэж л таарна. Иргэний зориг нам Ногоон намууд нэгдэхээ шийдсэн. Өөр ямар асуудал байгаа юм бэ. Гишүүд нь ийнхүү шийдсэн байхад өөр яах юм. Хэн ч энэ шийдвэрийг зогсоож чадахгүй.

-Памперс улс төрч хоёрыг сольж байхгүй бол өмхийрдэг гэж хэлж байсан. Нөхцөл байдал ийм боломж гарах боломж өгөх нь найдвар хэр байна?

-52 суудал дээр мажоритар байдлаар сонгоно гэдэг нь сэлгээ хийхгүй л  гэсэн санаа. МАН-аас 45 гишүүн УИХ-д сууж байна. Тэр бүхэн өөр өөрийн тойрогтоо нэг нэг тэрбумийг жил болгонд зарчихсан, өмчилчихсөн болохоор сэлгээ хийхгүйг л хүсч байгаа. Гэхдээ МАН дотор улс орны эрх ашгийг ойлгоод өөр зүйл байх ёстой гэдгийг ойлгож буй гишүүд олон байгаа. Тэр гишүүд ч гэсэн энэ байр сууриа хамгаалаасай.

-Ардчилсан намынхан дотор ч мажоритар хувилбарыг дэмжиж кноп дарахаа мэдэгдээд буй гишүүд бий шүү дээ. Тэгэхээр санал эргэнэ гэдэгт найдалтгүй байгаа байлгүй дээ?

-Тийм бодолтой гишүүд ч байгаа. Гэхдээ өнөөдөр бид тулгуур зарчимаа л ярих ёстой. 76 хүн хувийнхаа эрх ашгийг яривал юу ч ярьж мэднэ. Иймд хамтын эрх ашиг юу вэ гэдгээ л ярих хэрэгтэй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж