Л.Болортунгалаг: Санхүүгийн боловсролыг хүргэхдээ насанд хүрэгчдийн онцлогийг харгалзах нь зөв

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Л.Болортунгалаг: Санхүүгийн боловсролыг хүргэхдээ насанд хүрэгчдийн онцлогийг харгалзах нь зөв

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын нэг болох БСШУЯ-ны Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалагтай ярилцлаа.

-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Монголбанкнаас санаачлан Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулах цаг үеэс эхлэн  Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран ажиллаж ирлээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлж, олсон мөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулахаа мэддэг шинэ үеийг бий болгох  нийгмийн хэрэгцээ шаардлага байсан гэж хэлж болно.

-Энэ хөтөлбөр ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Хөтөлбөр нь 2016-2021 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр батлагдсан.

-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг (ОНССМ) –ийг дээшлүүлэх хөтөлбөр яагаад чухал юм бэ?

-Иргэд санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байдгаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн шийдвэр гаргахдаа  хүндрэлтэй тулгарах асуудал байсаар байна. Хэдий холбогдох байгууллагууд энэ тал дээр төрөл бүрийн ажлууд зохион байгуулдаг тухай манайд  мэдээлэл байдагч бодит үр дүн гарсан нь бага байна.

Цаашид санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах,  иргэдийн санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг зөв хийх, үйлчилгээ  хүртэж байгаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай энэ үед хөтөлбөр батлагдсан нь цаг үеэ олсон гэж бодож байна. Би ганцхан жишээ хэлье. Иргэд санхүүгийн мэдлэгтэй байсан бол Улаанбаатар паласын их танхим дүүрэн хүн түрүүвчээрээ мөнгө даллаад суухгүй биз дээ.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар байгууллагууд оролцож байгаа вэ? 

-Тус хөтөлбөр 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын удирдлагуудын хамтарсан тушаалаар батлагдсан.

Боловсролын салбарын хувьд манай БСШУ-ны сайд Л.Гантөмөр ихээхэн ач холбогдол өгч хамаарах байгууллагууд тус бүрдээ зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Ер нь бол энэ талаар санаа тавьж ажилладаг хувь хүн, албан байгууллагууд олуулаа оролцож ажиллавал илүү үр дүнтэй байх.

-Хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-ны Насан туршийн боловсролын үндэсний төвийн үүрэг оролцооны талаар?

-Насан туршийн боловсролын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд  360 төв, нэгжтэйгээр үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын  бүх сумдад байдаг нэгжээрээ дамжуулан иргэдэд боловсролын үйлчилгээг үзүүлж байна.  Энэ хөтөлбөрийн хувьд 3-дах зорилт буюу Хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх  мөн залуу гэр бүлийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд ч хамтран ажиллана. Иргэдэд ойрхон байдаг байгууллагаар дамжуулан  санхүүгийн боловсролыг  түгээх нь  илүү үр дүнгээ өгнө  гэж үзэж байна.

-Насанд хүрэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг ямар үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх гэж байна?

-Хөтөлбөрийн хэрэгжих хугацааны хүрээнд үндсэн ажлууд хийгдэнэ. Гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх, үндэсний түвшинд сургалт зохион байгуулах, үр дүнг хянах, үнэлэх гэх мэт ажлууд тодорхой үе шаттайгаар хийгдэнэ.

-Ажлын байранд гарчихсан иргэдэд санхүүгийн боловсрол хэрхэн олгох вэ?

-Хэрэглээнд тулгуурласан шинэлэг арга зүйгээр мэдлэг олгож, хандлага төлөвшүүлж, хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Жишээ нь: гар утасны апплейкшн хэлбэрээр байж болно. Ер нь санхүүгийн боловсрол иргэддээ олгож байгаа улс орнууд  ихэвчлэн хэвлэл мэдээлэл, вэб сайтаар дамжуулж хүргэдэг. Санхүүгийн чадавхийн талаарх мессежийг сонин, телевиз, вэб хуудас, сошиал медиа ашиглан  түгээж болно.

-Насанд хүрэгчдийн санхүүгийн мэдлэгийн өнөөгийн түвшин ямар байна, судалгаа байна уу?

-Насанд хүрэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах, хандлага төлөвшүүлэх нь их хэцүү ажил. Тэд ямагт өөрийнхөөрөө байх гэж оролддог. Ер нь бол мэдлэг дутмаг, хангалттай бус хэмжээнд байгаа нь илт мэдрэгддэг. Энэ хөтөлбөр нь Дэлхийн банкнаас 2012 онд хийсэн санхүүгийн судалгааг суурь болгож байгаа шүү дээ. Тэр судалгаанд иргэдийн 30 орчим хувь нь хүүгийн талаар, 60-аас дээш хувь нь инфляци хадгаламжид нь хэрхэн нөлөөлөх талаар огтхон ч ойлголтгүй байсан. Брокерийн үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогчдын зөвхөн 14 хувь нь мэдлэгтэй байсан гэх мэт. Одоо гарааны судалгаа хийх байх. Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 2015 онд иргэдийн боловсролын хэрэгцээний судалгаа хийгдсэн. Энэ судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд оролцогчдын 24,1 хувь нь өрхийн төсөв, санхүүгийн зарцуулалтын талаар    мэдлэг шаардлагатай байна гэж үзсэн байгаа.

-Санхүүгийн боловсрол гэхээр их хүнд сонсогддог. Ер нь энэ талын боловсролыг энгийн хүртээмжтэй сонир­холтой хүргэх тал дээр юун дээр нь анхаарах ёстой вэ?  

-Насанд хүрэгчдийн сурах онцлогийг харгалзан үзэж товч тодорхой агуулга бүхий энгийн сургалтын арга зүйг чухалчлах нь зүйтэй. Мөн бодит жишээ баримтыг ашиглах нь илүү үр дүнтэй байж магадгүй.

-Хөтөлбөрийн хүрээнд жирийн иргэд сургалтын талаар мэдээлэл хаанаас авч хамрагдах боломжтой вэ?  

-Одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа бэлтгэл шатандаа явж байна. Яг хэрэгжээд ирэхээр аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа Насан туршийн боловсролын төв, нэгжүүдээс гадна бусад салбар байгууллагуудаас мэдээлэл авч болно. Мөн манай  төвийн  www.ncle.mn гэсэн цахим хуудаснаас мэдээлэл аваад оролцох боломжтой болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж