Саваа бэлтгэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Саваа бэлтгэхийг анхааруулав

Саалиа бэлтгэхээс өмнө саваа бэлтгэхийг анхааруулав

Байнгын хөндөгддөг, байн байн асуулгад өртдөг нэгэн сэдэв нь сүүлийн үед нүүрс тээвэрлэлт болоод байна. Нүүрсээ зарж, мөнгө олохоор тооцоолсон Монгол Улсын Засгийн газрын бодлого ийнхүү олон жилийн турш унтаа байсан асуудлыг сөхөхөд хүргээд байгаа юм. Монголд нүүрс байна, даанч дэд бүтэц алга гэх харамсал Улаанбаатарт болж буй уул уурхайтай холбоотой чуулга уулзалт бүхэнд сонсогддог.  Дэд бүтэцгүйгээр Монголын нүүрс үнэд хүрэхгүй. Үнэд хүргэхийн тулд төмөр замаа сайжруулж, авто зам шинээр барих хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолсон. “Coaltrans Mongolia”  бага хурал өчигдөр Чингис зочид буудалд болсон юм. Бага хурлаар нүүрсний олон улсын төлөв байдал, Монголын нүүрсний орд, нөөц болон түүний олборлолт, тээвэрлэлтийн талаарх илтгэлүүд өрнөсөн. Хууль батлагчид, шийдвэр гаргагчид бас хуулийн сахин биелүүлэх төрийн албаны оролцоогүйгээр хувийнхан цугларч, нүүрс тээвэрлэлтэд тулгамдаад байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Энэхүү бага хурлыг зохион байгуулах болсноо Их Британийн компаниас тайлбарлахдаа Монгол Улсын олборлож буй нүүрс жилээс жилд өсч байгаа ч харин дэд бүтэц тэр хэрээр сайжирахгүй байгаатай холбон тайлбарласан. Олборлолт өдрөөс өдөрт, сараас сард өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн асуудалд багагүй хүндрэл тулгарах болж. Нүүрсний маш олон төслүүд хэрэгжиж байгаа болохоор Монгол Улсад дэд бүтцийнхээ асуудлыг яаравчлах шаардлага гарч буйг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид дуулгасан. Өөрөөр хэлбэл тэд саалиа бэлтгэхээс өмнө саваа бэлтгэхийг анхааруулав.  Ойрын  жилүүдэд Монгол Улс Хятад руу нүүрсээ  гаргах нь тодорхой гэдгийг чуулга уулзалтад оролцогчид онцлоод  Монгол-Хятадын ханган нийлүүлэлтийн асуудал, нүүрс тээвэрлэх сувагт хувийн хэвшлийнхнийг дайчлах нь зүйтэй гэсэн санал гарсан. Монголын нүүрсний нөөц 162.3 тэрбум тонн. Энэ нь дэлхийд эхний аравт багтах үзүүлэлт бөгөөд 9.8 тэрбум тонн орчим нь үйлдвэрлэлийн нөөц. Одоогийн байдлаар 300 гаруй орд, илрэлүүд Монголын нутаг дэвсгэрт жигд тархацтай байрласан байгаа. Үүнээс төвийн бүс нутагт нийт нөөцний 16.5 хувь, хангайн бүс нутагт 4.7 хувь, говийн бүс нутагт 30.6 хувь, баруун бүс нутагт 16.7 хувь, зүүн бүс нутагт 31.5 хувь байдаг гэнэ.Тэгэхээр урагшаа, хойшоо гээд төмөр зам болон, автозамын сүлжээг бий болгох зайлшгүй шаардлага бодит байдлаас гарч ирж байгаа аж. Өнгөрсөн жил Монгол Улс 22.5 сая тонн нүүрс олборлосноос 16.6 сая тонныг экспортолсон байна. Харин 2015 онд 60 сая тонн нүүрс олборлож, 55 сая тонн орчмыг нь экспортлох бөгөөд дотоодын нүүрсний хэрэгцээ 5-6 сая тонн орчим байх төлөвтэй байгаа аж.

Дэд бүтцийн хувьд төрөөс баримтлаж байгаа бодлого бол эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд 1100 километр гаруй төмөр зам тавьж, Эрээнцав хүртэлх төмөр замтай холбон ОХУ-ын Восточный, Ванино гэдэг хоёр далайн боомтоор дамжиж дэлхийн бусад улс орны зах зээлд гарах боломжийг нээх. Харин хоёрдугаар шатанд Тавантолгойгоос БНХАУ руу гаргах нүүрсний авто тээвэрлэлтийг хатуу хучилттай замаар явуулдаг болохын тулд  хатуу хучилттай замыг барих  гэнэ. Мөн Таньжины боомтоор дамжуулан нүүрсээ олон улсын зах зээлд гаргах.  Үүний тулд урагш чиглэсэн төмөр замыг хөгжүүлж, хилийн боомтыг олон болгож нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй байгааг хөрөнгө оруулагчид онцолсон.

Одоогоор Тавантолгой, Ухаа худагаас Цагаансуварга хүртэл авто зам барих ажлыг “Энержи ресурс” гүйцэтгэж байгаагаа дуулгасан. 2010 оны  нүүрсний экспортыг 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90  сая тонн хүргэх боломжтой байгаа.  Монгол Улс өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь урд хөрш рүү гаргасан бөгөөд анх удаа нүүрснээс улсын төсөвт төвлөрдөг байсан мөнгө зэсийнхнээс давсан байна.  Монгол Улс өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бөгөөд зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экс¬пор¬тын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан төдий¬гүй өмнөх оныхоос 571 сая ам.дол¬лараар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тойм мэдээ дурдвал, манай орон газрын хэвлий дор 160 ор¬чим тэрбум тонн нүүрсний боломжит нөөцтэйгөөс 30 тэрбум тонн одоогоор баталгаажжээ. “ASX”, “Харанга”, “Хүннү coal”, “Aspire”, “HKEX” зэрэг компани Монголын эрчим хүч, тэр дундаа өмнийн говьд Монголын давуу талыг ашиглан томоохон хөрөнгө оруулалт хийж эхлээд байгаа юм байна.

Ж.ГЭГЭЭ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж