Сайншанд, Сайншанд, Сайншанд

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Сайншанд, Сайншанд, Сайншанд

Амаараа бол монголчууд аль хэзээний Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулж, Сайншандад  аж үйлд­вэрийн парк барьчихсан байх байв. Харамсалтай нь ам хуурайгүй суудаг нөхрийн ажлын бүтээмж ямар гарах нь тодорхой. Ц.Дамдинсүрэнгийн “Хийдэг ганц, хэлдэг гурав” зохио­лын утгатай л адилхан юмдаг уу. 

Сайншанд, Сайншанд, Сайн­шанд гэх нэрийг сонсоод заримдаа залхмаар санагддагийг нуух юун. Шав ч үгүй, цаасан дээрх нэг гоё төлөвлөгөө боловсруулсан хүмүүс.  Үндэсний шинэчлэх хорооны тэр­гүүлэх зорилтуудын нэг болох “Сайншанд” аж үйлдвэрийн цогцол­борын шавыг хэзээ тавьж, сайхан зохиол нь  хэзээ хэрэгжих нь өнөө хэр бүрхэг. Гэхдээ бас яахав ээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын шавыг тавилцахад багагүй үүрэг гүйцэтгэх нэг ком­панийг тодруулсан байна лээ.  Тэр нь “Бектел”. Ерөнхийдөө бол Сайншандын аж үйлдвэрийн цогцол­борыг барих цогц төлөвлөгөө нь нэг алхам урагшилж байгаа юм байх.

Төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ерөнхий зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт АНУ-ын “Бектел” компани шалгарсан талаар Үндэсний шинэтгэлийн хорооноос танилцуулах “үдэшлэг”-ийг хэвлэ­лийн­хэнд зохион байгуулав. Тус компани тендерт ялаад дөнгөж 14 хонож байгаа бөгөөд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Монголын эдийн засгийн томоохон түлхэц болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр дурдсан.  Энэхүү цогцолборыг байгуулснаар ДНБ-д үзүүлэх боловс­руулах үйлдвэрийн хувийн жин эрс өснө гэдгийг “Бектел” компанийн төслийн удирдагч Richard Garbario онцолсон.

Сайншанд аж үйлдвэрийн цог­цол­­­борт хэр хэмжээний мөнгө зар­­­цуу­лах, хэдий хэрийн хугацаа шаардлагатай талаар ерөнхий зөв­лөгч тодорхой тоймтой хариулт өгч чадахгүй байгаа нь төсөлтэй танилцаад 14 хонож байгаатай нь холбоотой гэнэ. Зургаан сарын дараа энэ талаар тодорхой, тоймтой хангалттай мэдээлэл өгч чадна гэд­гээ зөвлөх компанийнхан амалсан. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх боловсруулах үйлдвэрийн хувийн жин ердөө зургаахан хувьтай байгааг өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Хөгжилд хамтдаа” эдийн засгийн форумаар эрдэмтэд шүүмжилж байсан юм. Харин Сайншанд аж үйдвэрийн цог­цолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бо­дит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эз­лэх хэмжээ 14 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байгааг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос дуулгасан.  Уг нь биелэгддэг бол сайхан л дуулдаж байна лээ. Гэхдээ биелэгдэх хүртлээ бас багагүй хугацааг үдэх нь дамжиггүй. Арван жилийг нь ярьж, арван жилийг нь судалж, арван жилийг нь хэрэгжүүлэхэд зарцуулна гээд тооцвол багагүй хугацааны дараа Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэ­мүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэг. Цааш нь задаргаа хийвэл  Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьснаар эдийн засгийн өсөлт 2013-2021 онд дунджаар 15.8 хувьд хүрэх гэнэ. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой юм байх. Төслийг хэрэг­жүүлэх ерөнхий зөвлөх үйлчил­гээний баг нь олон улсад танигдсан, нэр хүндтэй, уг төсөлтэй ижил төстэй төслүүд дээр ажиллаж бай­сан туршлагатай компани байх шаард­лагатай гэсэн зарчмын дагуу тендерийн ялагчийг тодруулсан гэнэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцол­борыг сүндэрлүүлэхэд дор хаяад арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэр мөнгийн Засгийн газар бо­лон гадаад, дотоодын хөрөнгө оруулаг­чаас төвлөрүүлж болох юм гэх санааг ерөнхий зөвлөгч өгсөн.  Цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлд­вэр”, “Нүүрс хийжүүлэх үйлд­вэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд бариг­дах  бөгөөд үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл бий болж, ажлын байр ч хэдэн мянгаар өснө гэдгийг ч “Бектел” сонирхуулсан юм.  АНУ-гийн шилдэг тодотголтой тус компани өмнө нь цөөнгүй орны томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Түүнийгээ ч хэвлэлийнхэнд танил­цуул­сан юм. АНУ-ын Гуверын усан цахилгаан станц, Вашингтоны метроны төсөл, Алжирийн химийн үйлдвэрийн тө­сөл, Лос Анджелесийн онгоцны буудал, Англи-Францын газар доорх метроны төсөл гээд  дурдаад байвал тоймгүй нь болол­той. Цогцол­борын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах бөгөөд тухайлбал, “Коксын үйлд­вэр” Тавантолгой-Сайншандын тө­мөр замыг ашиглалтад орохтой, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хуга­цаа, үйл ажиллагааны хувьд уял­дуу­­лахаар төлөвлөж. Зөвлөгөө өгөг­­чид Монголын эрх баригчдад Сайншандын аж үйлдвэрийн цог­цол­борын хүрээнд баригдах  үйлд­вэрүүдээс эхний ээлжинд алийг нь баривал эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ гэдгийг ч зааж сургах аж. Олон улсын нэр хүнд бүхий тус ком­паниар зөвлөх үйлчилгээ хийл­гэс­нээр Монголын тал 2,4 сая ам.дол­ларын хөлс төлж байгаа юм байх. 

Өч төчнөөн хөлсөөр өндөр үнэтэй баг ажиллуулчихаад өөрсдөө Сайншанд, Сайншанд, Сайншанд гэж сайхан гэгчийн зохиол ярьсаар байтал сар жилүүд урсан өнгөрсөөр л. Санчигны чинь үсэнд хүртэл буурал нэмсээр л байна шүү, эрх баригчид аа.

Ж.ЭРХЭС

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж