Сайншанд, Сайншанд, Сайншанд гэх нэрийг сонсоод заримдаа залхмаар санагддагийг нуух юун. Шав ч үгүй, цаасан дээрх нэг гоё төлөвлөгөө боловсруулсан хүмүүс. Үндэсний шинэчлэх хорооны тэргүүлэх зорилтуудын нэг болох “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын шавыг хэзээ тавьж, сайхан зохиол нь хэзээ хэрэгжих нь өнөө хэр бүрхэг. Гэхдээ бас яахав ээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын шавыг тавилцахад багагүй үүрэг гүйцэтгэх нэг компанийг тодруулсан байна лээ. Тэр нь “Бектел”. Ерөнхийдөө бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих цогц төлөвлөгөө нь нэг алхам урагшилж байгаа юм байх.
Төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ерөнхий зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт АНУ-ын “Бектел” компани шалгарсан талаар Үндэсний шинэтгэлийн хорооноос танилцуулах “үдэшлэг”-ийг хэвлэлийнхэнд зохион байгуулав. Тус компани тендерт ялаад дөнгөж 14 хонож байгаа бөгөөд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Монголын эдийн засгийн томоохон түлхэц болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр дурдсан. Энэхүү цогцолборыг байгуулснаар ДНБ-д үзүүлэх боловсруулах үйлдвэрийн хувийн жин эрс өснө гэдгийг “Бектел” компанийн төслийн удирдагч Richard Garbario онцолсон.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт хэр хэмжээний мөнгө зарцуулах, хэдий хэрийн хугацаа шаардлагатай талаар ерөнхий зөвлөгч тодорхой тоймтой хариулт өгч чадахгүй байгаа нь төсөлтэй танилцаад 14 хонож байгаатай нь холбоотой гэнэ. Зургаан сарын дараа энэ талаар тодорхой, тоймтой хангалттай мэдээлэл өгч чадна гэдгээ зөвлөх компанийнхан амалсан. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх боловсруулах үйлдвэрийн хувийн жин ердөө зургаахан хувьтай байгааг өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Хөгжилд хамтдаа” эдийн засгийн форумаар эрдэмтэд шүүмжилж байсан юм. Харин Сайншанд аж үйдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байгааг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос дуулгасан. Уг нь биелэгддэг бол сайхан л дуулдаж байна лээ. Гэхдээ биелэгдэх хүртлээ бас багагүй хугацааг үдэх нь дамжиггүй. Арван жилийг нь ярьж, арван жилийг нь судалж, арван жилийг нь хэрэгжүүлэхэд зарцуулна гээд тооцвол багагүй хугацааны дараа Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэг. Цааш нь задаргаа хийвэл Сайншандын аж үйлдвэрийн паркийг барьснаар эдийн засгийн өсөлт 2013-2021 онд дунджаар 15.8 хувьд хүрэх гэнэ. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой юм байх. Төслийг хэрэгжүүлэх ерөнхий зөвлөх үйлчилгээний баг нь олон улсад танигдсан, нэр хүндтэй, уг төсөлтэй ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани байх шаардлагатай гэсэн зарчмын дагуу тендерийн ялагчийг тодруулсан гэнэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг сүндэрлүүлэхэд дор хаяад арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэр мөнгийн Засгийн газар болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас төвлөрүүлж болох юм гэх санааг ерөнхий зөвлөгч өгсөн. Цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдах бөгөөд үүнийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл бий болж, ажлын байр ч хэдэн мянгаар өснө гэдгийг ч “Бектел” сонирхуулсан юм. АНУ-гийн шилдэг тодотголтой тус компани өмнө нь цөөнгүй орны томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Түүнийгээ ч хэвлэлийнхэнд танилцуулсан юм. АНУ-ын Гуверын усан цахилгаан станц, Вашингтоны метроны төсөл, Алжирийн химийн үйлдвэрийн төсөл, Лос Анджелесийн онгоцны буудал, Англи-Францын газар доорх метроны төсөл гээд дурдаад байвал тоймгүй нь бололтой. Цогцолборын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах бөгөөд тухайлбал, “Коксын үйлдвэр” Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтад орохтой, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд уялдуулахаар төлөвлөж. Зөвлөгөө өгөгчид Монголын эрх баригчдад Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд баригдах үйлдвэрүүдээс эхний ээлжинд алийг нь баривал эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ гэдгийг ч зааж сургах аж. Олон улсын нэр хүнд бүхий тус компаниар зөвлөх үйлчилгээ хийлгэснээр Монголын тал 2,4 сая ам.долларын хөлс төлж байгаа юм байх.
Өч төчнөөн хөлсөөр өндөр үнэтэй баг ажиллуулчихаад өөрсдөө Сайншанд, Сайншанд, Сайншанд гэж сайхан гэгчийн зохиол ярьсаар байтал сар жилүүд урсан өнгөрсөөр л. Санчигны чинь үсэнд хүртэл буурал нэмсээр л байна шүү, эрх баригчид аа.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин