Агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл болоод орчин цагийн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн сонгодог, уянгын үдэш "ITALIА» концертыг маргааш буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн 19.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтыг "Гранат" продакшнаас зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод 100 гаруй хүн оролцох юм.
Тус тоглолтод Италийн Венец хотын дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач Роберто Салвалаио уригдан оролцож байна. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа танд хүргэе.
-Юуны өмнө манай оронд дахин ирсэн таньд талархаж байна. Энэ удаа ганцхан удаа тоглогдох “Italia” тоглолтын удирдаачаар уригджээ. Тоглолтын талаар үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Энэ удаа хоёр орны дуурийн театрын хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ирлээ. “Italia” тоглолтыг ганцхан удаа тоглох юм. Тоглолтод Италийн 19-21-р зууны кино урлагийн нэрт хөгжмийн зохиолчид болох Эннио Морриконе, Нина Рота, Луис Бакалов, Никола Пьованни, Майкл Жаччини нарын бүтээлүүдийг тоглоно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж буй “Гранат Музык” продакшн их туршлагатай хамт олон юм. Тэд бүх бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр сонордуулна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Мэдээж зохион байгуулагчид илүү их зүйлийг хэлнэ. Энэ үдэш олон сонирхолтой зүйл байгаа гэсэн.
-Америкийн кино академийн 88 дахь удаагийн Оскарын шагналыг нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконе “Заналт найм” киноны хөгжмөөрөө хүртлээ. 88 насандаа энэхүү нэр хүндтэй шагналыг авсан хөгжмийн зохиолч Морриконегийн ямар бүтээлийг энэ үдэш тоглох вэ?
-Италийн нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн ямар бүтээлийг энэ үдэш тоглохыг би мэдэхгүй. Түүний 2-3 бүтээл эгшиглэнэ. Үүнийг тоглолт зохион байгуулж буй төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар мэднэ. Тэр агуу хүнийг Оскараас шагнал хүртсэнийг сонсоод баярлаж байна. Түүний олон бүтээл Оскараас бусад бүх шагналуудыг аваад байсан юм.
-Энэ удаагийн тоглолтод Гавьяат жүжигчин Э.Амартүвшингээс эхлээд манай алдартай баритон, сопран, тенор хоолойтнууд тоглох юм байна. Та манай уран бүтээлчдийн талаар юу хэлэх вэ?
-Би Монголын дуурийн дуучдыг мэднэ. Монголд маш олон чадалтай дуучид байна. Мөн дуучид нь маш чадалтай хоолойтой. Танай ардын дуу дуурийн дуутай ижил төстэй учраас дуурь дуулахад их зохимжтой юм. Тиймээс танай дуучдын хувьд ганцхан хэрэгтэй зүйл гэвэл Итали хэлийг сайн сурах хэрэгтэй. Гэхдээ ганцхан энэ тоглолтоор миний ажлын үр дүн гарахгүй. Би олон уран бүтээл дээр ажиллах болно. Дөрөвдүгээр сар хүртэл УДБЭТ-т ажиллах учраас үр дүнгээ харах болоогүй байна. Тиймээс тухайн үед нь би хэлэх болно.
-Та төрөлх Венец хотынхоо тухай юу хэлэх вэ?
-Би Венец хотын иргэн учраас эх оронч зүйлийг хэлнэ/инээв/. Венец хоттой харьцуулах зүйл үгүй. Энэ бол Италид биш дэлхийд ганц байгаа хот шүү дээ. Мэдээж энэ хотын тухай түүх маш их. Венецийн хотын тухай ардын дуу байдаг. Би эндээс жишээ татан хэлье.
-Хорвоо ертөнц дээр хамаг юм өөрчлөгдөж байна
Гэхдээ Венец ердөө ч өөрчлөгддөггүй… гэсэн үгтэй дуу байдаг юм. Үнэхээр үнэн л дээ.
Сур: Тоглолтын тасалбар 40,000, 60,000, 100,000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Мөн билетийг www.granat.mn сайтаар захиалж болох юм.
Бэлтгэсэн: Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, дипломатч, Итали хэлний багш, судлаач Ч.Батжаргал, сэтгүүлч Ч.БОЛОРЧУЛУУН