Туул голын ай савд зөвшөөрөлгүй барилга олноор барьж байгаагийн зэрэгцээ хайрга ихээр олборлож байна гэсэн мэдээлэл олонтаа цацагдах болсны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан, бодит байдалтай танилцжээ. Гэтэл Туул голын ай сав дагуу 312 газарт обьект барихаар болж, зарим газарт барилгын ажил эхэлсэн байсан аж. Мөн нэг хэсэг нь газраа хашаалчихсан. Түүнчлэн Туул голын дагуу 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж хайрга олборлож байжээ. Голын ай сав дагуу хайрга олборлох нь усны урсгалд сөрөг нөлөө үзүүлдэг тул улс орнууд энэ бүсэд олборлолт явуулахыг хуулиар хориглодог байна. Харин манайд эсрэгээрээ хаанаас зөвшөөрөл авсан нь мэдэгддэггүй. Хан-Уул дүргийн Засаг даргын Тамгын газраас хайрга олборлох зөвшөөрөл авсан гэдэг ч түүнийг нь тухайн газар үгүйсгэж, Ашигт малтмалын газраас олгосон гэдэг. Тэгтэл Ашигт малтмалын газар нь “Улаанбаатар хотоос олгосон, манайх мэдэхгүй” гэдэг хариу барьдаг. Энэ хооронд нь дахиад дөрвөөс таван аж ахуйн нэгж нэмээд Туул голын ай сав дагуу хайрга олборлох эрх авчихсан, хүний гар хүрээгүй байсан хэсгийг ухаад төнхөөд эхэлчихсэн гээд бодит жишээнүүдийг хуралдааны үеэр гишүүд хөндлөө.
Мөн Улаанбаатар хотын захын дүүрэг рүү арьс ширний үйлдвэрүүд олноор байгуучихсан нь Туул голын усыг өмхийрүүлэхэд маш их хувь нэмэр оруулж буй аж. Үйлдвэрүүд орон нутгаас ирсэн малын гаралтай есөн сая орчим арьс ширийг жилд хагас боловсруулан, бохир усаа Туул голруу урсгадаг байна. Уг нь арьс ширний үйлдвэрүүдээс гарсан бохир усыг “Харгиа”-д боловсруулах ёстой ч, тэр нь ажилладаггүй. Хэдэн жил хэл ам болсны эцэст хоёр тэрбум орчим төгрөгөөр “Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн ч одоо хэр нь байдал урдахаасаа дээрдээгүй аж. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд холбогдох албан тушаалтнуудаас хариулт хүссэн юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын тайлбараар бол өнгөрсөн онд Г.Мөнхбаяр дарга захирамж гаргаж дээр дурдсан Туул голын сав дагуу газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Уг нь эдгээр 312 обьектын 165 нь зөвшөөрөлтэй байсан бол бусад нь зөвшөөрөлгүй. Одоогийн байдлаар 55 газар обьект баригдсан бол 49-ийг нь хашаалчихсан. Бусад газрууд хоосон аж. Харин нэг жилийн өмнө гаргасан Улаанбаатар хотын даргын захирамж одоо хэр нь яагаад хэрэгжээгүй байна вэ гэсэн асуултад холбогдох албаныхан тоймтой хариулт өгсөнгүй. Ямар ч байсан захирамжийг ажил хэрэг болгохын тулд ирэх аравдугаар сар хүртэл газар чөлөөлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийхээр болсон гэсэн тайлбараас өөр хариулт авч чадсангүй. Тэр байтугай Ч.Бат менежер “Би энэ асуудлыг хариуцдаггүй учраас үүнээс илүү хариулт өгч чадахгүй” гэсэн нь зарим гишүүдийн “амбиц”-ыг хөдөлгөж, холбогдох сайд, хотын даргыг байлцуулж байж, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ёстой гэж байр сууриа илэрхийлж, үүнийг нь байнгын хорооны дарга П.Алтангэрэл эсэргүүцэж, багагүй мэтгэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Шийдвэр гаргах төвшний хүмүүсийг байлцуулж байж, хуралдаан хийх ёстой. Гэтэл өнөөдрийн энэ хуралдаанд Мэргэжлийн хяналтын газраас Тамгын газрын дарга нь ирсэн, Улаанбаатар хотоос менежер Ч.Бат, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга л байна. Ингэж асуудалд хандаж болохгүй, ажлын хэсгээс гаргасан дүгнэлт тов тодорхой өчнөөн хууль зөрчсөн байна гээд гаргачихсан байхад ажил хариуцсан хүмүүс нь энэ танхимд алга. Ерөнхий сайд энэ хуралдаанд оролцох ёстой” гэв.
Байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Эхлээд бид ажлын хэсгийн дүгнэлтийг сонсч, дараа нь байнгын хорооноос ямар дүгнэлт гаргахаа шийдвэрлэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт бол байнгын хорооны дүгнэлт биш. Энэ утгаар нь хуулийнхаа дэгийг бариад ажлын хэсгийнхний дүгнэлтийг эхлээд сонсъё гэж хуралдаан зарласан” гэлээ. Гэвч УИХ-ын гишүүн Д.Энхбат “Таван жилийн туршид хэвлэл мэдээллээр бид Туул гол бохирдсон гэсэн мэдээллийг үзлээ, сонслоо. Энэ бол хангалттай хугацаа. Тиймээс Ерөнхий сайдыг байлцуулан энэ дүгнэлтийг сонсч, холбогдох ажил хариуцсан хүмүүсээс нь тайлбар сонсох ёстой” гэв.
Ингээд гишүүдээс санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүнээс ес нь “Холбогдох сайд, дарга нарыг байлцуулан хуралдааныг хийх ёстой” гэж үзэж, энэ удаагийн хуралдааныг хойшлууллаа.