Д.Лүндээжанцан: Ухралт байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: Ухралт байхгүй

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёолол дээр зөвшилцөх хоёр намын бүлгийн ажлын хэсгийн хамтарсан хуралдаан боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа. 

-Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ. Зөвшилцөл хэр амжилттай болсон бэ?  

-Зөвшилцөх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ. Зургаан асуудал ярилцсанаас гурав дээр нь тохиролцоонд хүрсэн. Нэг асуудлыг хоёр талдаа ойлголцъё гээд нээлттэй орхисон. Байр суурь зөрүүтэй хэвээр байгаа асуудал бол холимог тогтолцоон дотроо можаратор, пропорцианалийн хуваарилалт. Гэхдээ зөвшилцөл дөнгөж эхэлж байна.

-Зөвшилцөлд хүрсэн гурван асуудлын тухай тодруулахгүй юу?

-Тэрийг одоохондоо яриад яахав, нээлттэй үлдээсэн асуудал байгаа.  Өнөөдөртөө зөвшилцөөний шатанд байгаа учраас энэ удаад хэлэх боломжгүй. Намын бүлэг дээрээ энэ асуудлыг  танилцуулж байж, дараа нь мэдээллээ хийнэ. Зөвшилцөх уулзалт маргааш 11.00 цагт үргэлжилнэ.

-Уг нь танай нам пропорцианаль тогтолцоогоор сонгууль хийх ёстой гэж мэдэгдэж байсан хэрнээ яагаад энэ байр сууринаасаа ухарчих вэ?

-Хэвлэл мэдээллээр манай намын бүлгийн байр суурь,  саналуудыг ардчиллаас ухарсан, сонгуулиас ухарсан мэтээр бичиж байгаа. Үүнтэй би санал нийлэхгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл нэгдүгээрт, олон нийтийн санаа бодол бол намыг биш хүнийг илүү сонгоё гэдэг санал давамгайлж байгаа.  Хоёрдугаарт,  Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан байршсан. Тэдний төлөөлөл сайн орж ирэх ёстой. Эргэж олон түмэн сонгогчид УИХ д байгаа гишүүд хоёрын эргэх холбоо сайн байх ёстой учраас можаратор нь хүнийг сонгох талдаа арай илүү давамгайлсан байдаг гэж үзээд манай намын бүлэг энэ сонголт дээр зогсож байгаа. Бусад асуудлын тухайд байр суурь ижил.

-Ер нь тэгээд можаротар давамгайлахаар Сонгуулийн хууль өмнөхөөсөө шинэчлэгдэж чадах юм уу, буцаад байрандаа очихтой ижил биш үү?

-Энэ Сонгуулийн хууль маш их дэвшил авчирна. Ганцхан тэр тооны зөрүүн дээр л асуудал байгаа болохоос биш, гэхдээ харилцан зөвшилцөж байна. Ухралт байхгүй шүү гэдгийг албан ёсоор хэлье. Гол нь бид Монгол орныхоо өнөөдрийн нөхцөл байдал сонгогчийнхоо санаа бодолд илүү нийцүүлье гэж байгаа юм. Үүнийг мушгин гуйвуулж тайлбарлах,  улстөр хийх гэсэн оролдлогууд гарч байгаа нь харамсалтай байна. Олон түмэн хүнийг нь сонгоё гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна, намыг сонгохоосоо илүүтэй.  Тийм учраас намын нэр дэвшүүлсэн хүнийг иргэд сонгогчид намын нэрийн халхавч дор эчнээгээр сонгох бус өөрсдөө намын нэрсийн жагсаалт доторх хүнээ сонгох хүсэл эрмэлзэл нь ард түмний санаа бодолд нийцэж байгаа учраас ард түмнийхээ санаа бодолд тулгуурлаж гол нь ийм санал гаргасан юм шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж