Сонгуулийн тогтолцоог пропорциональ давамгайлсан 50х26-гаар шийдэх үү, мажоритар илүүрхсэн 50х26-гаар шийдэх үү гэдэг тохиролцоо хийхээр УИХ дахь хоёр намын бүлэг өчигдөр хэлэлцлээ. Хаалттай болсон хэлэлцээр ширүүн уур амьсгалд болсон мэдээлэл байна. Эндээс гарсан үр дүн нь гэвэл эл асуудлыг ирэх пүрэв гаригт эцэслэхээр болсон явдал. Тэр хүртэл хөшигний наана цаана ямар тохиролцоо болж, хэр амжилтад хүрэхээс бүх зүйл шалтгаалахаар болж байна.
Үнэндээ ирэх пүрэв гаригаас цааш асуудлыг сунжруулах ч аргагүй юм. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуулийн хамгийн гол зүйл болох тогтолцоог тохирч чадахгүй байсаар энэ хаврын чуулганыг завсарлуулчихбал уг асуудал дахин сөхөгдөх боломжгүйгээр хаагдана. Учир нь ээлжит сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэх ёстой.
Хоёр намын бүлэг саналаа эвтэйхэн эрлийзжүүлж, холимог тогтолцоог хуульчилна гэдэг итгэл парламентын гадна бага үлдээд байгаа ч байдлыг харья, найдвар тавья. Зарим эх сурвалжийн мэдээллээр пропорциональ битгий хэл холимгийг ч тохирч чадахгүй, өнөөгийн мажоритар тогтолцоон дээрээ хоёр бүлэг бууж байгаа бололтой. Сонгуулийн тухай хуулийг амжиж өөрчлөх хугацаа хомсдож буйг ч эс хэлэх үү.
УИХ-ыг бүрдүүлж буй хоёр нам анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа гэрээндээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг тусгасан юм. Гурван жилийн өмнө гэсэн үг. Бас Сонгуулийн тухай хуулийг ээлжит сонгуулиас лавтайяа зургаан сарын өмнө өөрчлөх ёстойг ч мэдэж байсан. Тэгсэн хэрнээ ингэж хугацаа тулган тогтолцооны өөрчлөлтийг хэлэлцэж байгаагаараа тэд буруутай. Одоо УИХ-ын гишүүд өөрсдөдөө хамгийн хялбар байдлаар, басхүү хамгийн ашигтай хувилбараар шийдэх магадлалтай. Ердөө өнөөдрийн 76 тойрог, мажоритар тогтолцоогоороо. Юуг ч өөрчлөх маргах шаардлагагүй. Тэгээд “угаасаа л ийм хуультай шүү дээ” гээд өнгөрч мэдэх л биз.
Тэгвэл УИХ-ын гишүүд сэмхэн алга ташина даа. Дөрвөн жил төсвийн хөрөнгө оруулалтаар цутгаж, хөл гарыг нь мөнгөөр, тархи толгойг нь итгэл үнэмшлээр угаасан тойрог тэдэнд эрсдэл багатай. Түүнээс гадна дараагийн сонгуульд шаардлагатай санхүүжилтийг гаргахад бэлэн бизнесийн бүлэглэлүүд гадна талд хүрээлж байна. “Намаасаа нэр дэвших босго мөнгөнөөс ч бүү ай, тойргийн хэдэн сонгогчийг худалдан авах мөнгөнөөс бүү ай, бүгдийг нь даая, дараа нь миний эрх ашгийг хуульчил” гэсэн тохиролцоо хийгээд гүйцээ. Эдийн засаг тэлж, компаниуд томорч байна.
Уг нь сонгуулийн өнөөгийн тогтолцоо хэчнээн аймшигтай, муу муухай, зөөлнөөр хэлэхэд шал дэмий зүйл болохыг хууль тогтоогчид өөрсдөө ч хангалттай сурталчилсан. Тэгээд энэ хөрсөн дээрээ эргэж буухаасаа эмээнэ гэж найдья. Учир нь итгэл, найдвар, ёс зүй, соёл гэх мэт зүйл, ухамсарт нь найдахаас өөрөөр УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох механизм сонгогчдод байхгүй. Хамтарсан Засгийн газрын гэрээний заалтыг хуулийн заалттай адилтган үзэх, түүнийгээ биелүүлээгүй тохиолдолд бид заргалдаж болох эсэх ч тодорхойгүй.
УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхээ худалддаг болсон гэдэг яриа бий. Тэд өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцсэн хуулийг болохоор үйлдвэрлэж болоод байдаг, нийгмийн захиалгыг болохоор хойш тавиад байдгийн бас нэг жишээ нь Сонгуулийн тухай хууль болох вий. Тэд хууль хэлэлцэх, батлах үүргээ хангалттай биелүүлээгүй тохиолдолд сонгогчид үүнийх нь төлөө тэдэнтэй хэрхэн хариуцлага тооцох ёстой юм бол?! Дараагийн сонгуулийг хүлээх ёстой юу? Ядахад тэр сонгуульд миний санал гээгдчихдэг биз дээ?
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин