Б.Хурцыг шүүх хурал маш чухал шүү

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх хурал маш чухал шүү

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болох байлаа. Гэсэн ч маргааш болохоор болсон. Англичууд энэ хурлыг есдүгээр сар хүртэл хойшлуулах хүсэлтэй байсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэллээ. Түүний хэлж байгаагаар манай хүсэлтийг харгалзан маргааш болгожээ. Гэхдээ хойшлох эсэх нь нэг их чухал биш. Б.Хурцыг шүүх энэ удаагийн хурал үнэхээр чухал. Энэ удаагийн хурлаар түүнийг эх орондоо авчирах уу, эсвэл Германы талд шилжүүлэх шийдвэрээ хэвээр үлдээх үү гэдгийг шийднэ. Тиймээс л маш чухал гэдэг тодотголыг зүүх хэрэгтэй. Энэ удаагийн хурлаар өөрсдийн талд шийдүүлж чадахгүй бол Б.Хурцтай холбоотой олон асуулт хариултгүй үлдэнэ.  

Тэдний нэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй холбоотой асуудал. Б.Хурц хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлснээс болж Ц.Энхтүвшинг шүүхийн хаалга татуулаад амжсан. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Б.Хурцад хариуцлага тооцохын шаардсан бичгийг Ц.Энхтүвшинд хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүйн гай тэр. “Мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана” гэгчээр л юм болсон. Ингээд Ц.Энхтүвшин 150 мянган төгрөгөөр торгуулсан. 150 мянган төгрөг гэдэг тийм их мөнгө биш ч гэлээ шүүхийн хаалга татаж, хэвлэлээр элдвэрээр бичүүлнэ гэдэг хүсэх юм биш. Энэ нь Ц.Энхтүвшинг түүнд өс сануулахгүй юмаа гэхэд найр тавихгүй болгох хангалттай үндэслэл. Тиймээс ч Ц.Энхтүвшин өөрийн явах ёстой байсан хуралд Б.Хурцыг явуулснаар баривчлуулсан байхыг үгүйсгэхгүй. Уг нь тероризмын эсрэг чухал ач холбогдолтой хуралд хөдөө ажилтай байсан хүн орны хүнээ явуулна гэдэг хачирхалтай явдал. 

Сөрөг тагнуулын албанд ажиллаж байсан тэрээр “Оюутолгойн гэрээг баталсан сайд нарыг шалгах хэрэгтэй” гэж заримынх нь зүрхэнд орж л явсан. Ч.Сангарагчаа болон АТГ-ын дэд даргад холбогдох хэргийн анхны сэжүүрийг тэр л анх дэлгэснийг бас бодох хэрэгтэй. Тэр өөрийг нь оролдоод эхлэх үед хуучин ажлынхаа шугамаар олсон дэлгэж хариу довтолгоо хийсэн үү эсвэл ард нь өөр хүмүүс байсан уу гэдгийг ч бодоход илүүдэхгүй.  Нөгөөтэйгүүр олны мэдэхгүй олон зүйлийг тэр мэдэж буй.

Сөрөг тагнуулд  байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлигын хэргийг илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, уг ажлыг удирдсан. Тиймээс ч авлигын хэргээр шалгах үед өөрийгөө хамгаалахын тулд “Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгүй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэдгийг хэлсэн нь зүгээр нэг Долдойгийн хэлээд байдаг үг биш. Хэрэв тэр Х.Баатарын хэрэгт холбоотой нөхдийг нэрлэвэл хэргийг дахин сэргээхийг ч үгүйсгэхгүй. Дээр нь өнөөгийн Шадар сайд М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бас бий. Тэд юу ярьсныг тэр л мэднэ.

Д.Энхбатыг хулгайлж авчирах тушаалыг хэн өгсөн, ямар эрх мэдэлтний даалгавраар өөрийнх нь толгойг ороосон хэрэгт оролцсон гээд олон зүйлийг энд дурдах болно. Энэ бүх үлгэр домог шиг зүйлийг мэдэх амьд гэрч учраас Б.Хурцыг зайлшгүй эх орондоо авчрах нь юу юунаас чухал. Тэр ч утгаараа маргааш болох шүүх хурлаар  Б.Хурцыг эх орондоо авчирах шийдвэр гаргуулж чадвал бид олон асуултын хариуг сонсоход нэг алхам ойртоно.

Л.ХАЛИУ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж