Ли Бо
Хонгконгийн “Mighty Current” хэвлэлийн компанийн сураггүй болсон ажилчдын нэг Ли Бо Хятадын “Phoenix TV” телевизэд ярилцлага өгчээ. Тус хэвлэлийн компанийн захирал тэргүүтэй таван хүн сураггүй болсон нь Хятадад хоригдож байгаа гэгдэж байв. Харин Ли Бо Хятадын аюулгүй албаныхан барьцаалсан гэдгийг үгүйсгэсэн байна. Мөн хэвлэлийн компанийн бусад ажилчдыг Хятадад хууль бусаар 4000 ширхэг ном борлуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан гэдгийг хэлжээ. Мөн тэрбээр Их Британийн иргэншлээс татгалзаж буйгаа ярилцлагын үеэр мэдэгджээ. Түүний ярилцлагыг Хятадын албаныхны дарамт дор явагдсан гэж хонгконгчууд үзэж байна.
Гуй Минхай
Өмнө нь компанийн захирал Гуй Минхай 17 жилийн өмнө согтуугаар жолоо барьж яваад осол гаргаж, нэг сурагчийг хөнөөсөн хэргээ хүлээсэн гэж Хятадын телевизүүд мэдээлж байв.
“Mighty Current” хэвлэлийн компани Хятадын дарга Си Жинпиний экс амрагийн талаар ном хэвлэн гаргахаар төлөвлөж байсан юм. Гэвч компанийн ерөнхий менежер Луй Бо, бизнес менежер Чун Жипин нар өнгөрсөн аравдугаар сарын 15-нд сураггүй болсон байна. Үүнээс хоёр хоногийн дараа компанийн захирал Гуй Минхай Тайландад амарч яваад сураггүй болжээ. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 30-нд компанийн хувьцаа эзэмшигч Ли Бо Хонгконгод сураггүй болсон байв.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС