Жүжигчин Леонардо Ди Каприог үзэгчид өнгөрсөн жилийн Оскарын наадмаас хойш дэмжиж, зүтгүүлж, ном уншуулсны эцэст тэрбээр энэ жил анхны Оскарын шагналаа авсан билээ. Лео Оскарын наадмын шилдэг гол дүрийн жүжигчний төрөлд өмнө нь дөрвөн удаа, шилдэг продюсер төрөлд нэг удаа дэвшиж байсан ч дандаа мултарч байсан билээ. Харин тав дах удаа нэр дэвшихэд нь баавгайтай тулалдсан нь түүнд багагүй тус болсон гэдэг. Лео ашгүй нэг Оскар авч, цахим ертөнц тайвширч байна. Гэвч нэг ч Оскаргүй ч, гарцаагүй Оскар авах дараагийн хүнийг хэдийн “олжээ”. Хэдийгээр Оскарын шагнал аваагүй авьяастнууд олон байгаа ч үзэгчид энэ удаа Карибын тэнгисийн дээрэмчид киноны Жэк Спэрроугийн дүрээр алдартай жүжигчин Жонни Деппийг нэрлэсэн байна. Жонни Депп мэдээж мундаг жүжигчин. Тэрбээр “Хайч гарт Эдвард ”, “Шоколад”, “Суини Тодд”, “Алиса гайхамшгийн оронд”, “Жуулчин”, “Карибын тэнгисийн дээрэмчид” зэрэг олон сайн бүтээлээр үзэгчдийг олон удаа баярлуулсан билээ. Жонни Кино академийн шагналд гурван удаа нэр дэвшиж байсан ч нэг удаа Оскар авч байгаагүй ажээ. Гэвч тэрбээр Холливуудын хамгийн өндөр хөлстэй жүжигчдийн нэг билээ. 2012 онд Жонни Деппийн орлого 75 сая ам.долларт хүрч, хамгийн их орлоготой жүжигчдийн Гиннесийн амжилтыг эвдэж байсан юм.
Н.ЭНХ