ОРЕС-ийн олборлолт буурснаас нефтийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

ОРЕС-ийн олборлолт буурснаас нефтийн үнэ өсөв

Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) гишүүдийн хоёрдугаар сарын нефтийн олборлолт буурсан дүн гарсны дараа хар алтны үнэ гурван хувиар нэмэгдлээ.

Brent маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн нэг баррелийн үнэ Лондонгийн бирж дээр 36,56 ам.доллар хүрч нэмэгдэв. Харин Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн хөнгөн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррелийн үнэ нь 2,9%-иар буюу $33,75 ам.доллараар Даваа гаригт арилжаалагджээ.

ОРЕС-ийн орнуудын нефтийн олборлолтын хэмжээний үнэлгээг хоёрдугаар сарын 29-нд Reuters агентлаг нийтэлсэн. Ирак, Нигери, Саудын Араб олборлолтоо бууруулжээ.

Reuters-ийн мэдээгээр, ОРЕС-ийн гишүүд хоёрдугаар сард олборлолтоо өдөрт 280 мянган баррелиар бууруулсан байна.

Ирак хамгийн их буюу хоногт 150 мянган баррелиар бууруулжээ. “Иракийн Курдистанаас нийлүүлэх нефтийн хэмжээ мэдэгдэхүйц буурч байна. Энэ хэсгээс нийлүүлж байсан нефтийн хэмжээ нь Иракийн нийт үзүүлэлтэд чухал нөлөөтэй байсан юм” хэмээн Petromatrix компанийн нефтийн шинжээч Оливье Жакоб өгүүлэв.

Хоёрдугаар сард Нигерийн нефтийн олборлолт хоногт 100 мянган баррелиар буурчээ. Харин Саудын Араб 50 мянган баррель болсон байна. Үүнтэй зэрэгцэн Ираны нефть олборлолт  2015 оны арванхоёрдугаар сараас өдөрт 200 мянган баррелиар нэмэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж