Баталгаагүй эмээс болж 1588 хүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Баталгаагүй эмээс болж 1588 хүн хорджээ

Баянзүрх дүүрэгт амьдардаг Б гэх эмэгтэй эмчийн бичиж өгсөн жорын дагуу Дексон гэх нүдний дусаалгыг авч хэрэглэжээ. Хэдхэн хоногийн дараа түүний нүдэнд харшил өгч хавдаж эхэлсэн байна. Харин тэрхүү нүдний дусаалга нь Дексоны хайрцганд хийсэн өөр эм байж таарч. Тухайн эмийн сан дээр хохирогч очтол “Өөрөө буруу эм хэрэглээ биз” гээд халгаагаагүй байна. Одоо болтол тэр энэ тухай хаана хандахаа мэдэхгүй яваа нэгэн. Үүн шиг хохирсон хүн хэд байгааг хэлж мэдэхгүй. Хариуцсан албаны хүмүүс “Хэрвээ антибиотикоос болоод хүн нас барлаа гэвэл хэрхэхийг бид хэлж мэдэхгүй. Ямар байгууллага нь яаж оруулж ирж байгааг мэдэх боломж байхгүй “ гэж хэлээд сууж байх.

Уг нь Монгол Улс эмийн хэрэглээгээр дээгүүрт жагсдаг орнуудын нэг. Гэвч антибиотик, эмийн бодисноос болж хордсон тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд “цочмог хордлого” оноштой хэвтэж эмчлүүлэгсдийн дунд эмийн хордлоготой өвчтөний тоо давамгайлах хандлага ажиглагдаж байгаа аж. Тухайлбал 2003-2009 оны хооронд улсын хэмжээнд эмийн хордлого оноштойгоор эмчлүүлсэн 1588 хүний 211 нь өргөн хэрэглээний антибиотик, 393 нь унтуулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, 213 нь даавар түүний нийлэг бодист нөлөөлөх эм, 482 нь амьсгалын тогтолцоо болон ясны булчинд анхлан нөлөө үзүүлэх бодисноос болж хордсон байжээ. Хордогчдын дийлэнхийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа нь харамсалтай. Угтаа эмийн хордлогоос болж нас барагсдын тоо одоо ч бүрхэг хэвээр. Учир нь манайд энэ төрлийн өвчлөлөөс болж нас барагсдаа бүртгэх систем хараахан нэвтрээгүй байна. Нэгэнт манай улсын эмэнд хордогсдын тоо нэмэгдэж байгаа тохиолдолд бид зөвшөөрөлтэй, баталгаатай эмийн хэрэгслийг тараах нь зайлшгүй чухал.
Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 40 орны эм бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 62 хувь нь Европ, 38 хувь нь Азийн эм байна. Европоос оруулж ирсэн эмийн дийлэнх хувийг Орос, Германы эм эзэлдэг бол Азиас мэдээж хэрэг ихэнх хувь Хятад улсаас оруулж ирсэн эмүүд байдаг аж. Хятад улсаас эмийг яагаад их хэмжээгээр оруулж ирдэг вэ гэхээр үнэ харьцангуй хямд. Үнэн хэрэгтээ Орос, Германд үйлдвэрлэсэн эмүүдийг Хятад улсаас оруулж ирдэг байж болох талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын саяхан хийсэн шалгалтаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Нуган”, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Тун-Эрдэнэ фарма” ХХК-ийн эмийн сан, “Ачлал” эмийн сангууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй “Виагра”, “Нитроглицерин”, “Баралгин”, “Бифидумбактерин”, “Саридон”, “Цифрокс”, “Тетрациклин” зэрэг эмийг худаалдаалж байгааг илрүүлсэн байна. Эдгээр эмүүдийг дээрх эмийн сангууд гадны орноос оруулж ирдэг бөгөөд бүртгэл, баталгаажлыг хийлгээгүй гэх. Энэ мэтчилэн эмийн сангуудад дээрх зөрчлүүд ажиглагдаж байгаа бол томоохон боомтуудад эмийг хууль бусаар оруулж ирэх гэж байгаад баригдсан тохиолдол цөөнгүй гараад байна. Тухайлбал Замын-Үүд боомтод тавдугаар сарын сүүлээр цемент ачсан том машины кабинд 3000 ширхэг дуслын систем, дуслын бэлдмэл, 7000 ширхэг зүү тариурыг зөвшөөрөлгүй оруулж ирүүлэх гэж байжээ. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чойбалсан олон улсын нисэх боомт дээр 30 нэр төрлийн эмийг зөвшөөрөлгүй оруулах гэж байгаад баригдсан байна. Баригдаж байгаа нь энэ мэт боловч баригдахгүй хичнээн байгааг таашгүй.

АНУ-д 1980-аад оны ихээр эмийн хэрэглээнээс болсон хэргүүдийн тоо ихэсч эхэлжээ. Тухайлбал 1980 оны 12 дугаар сард Масачусетс мужийн эмнэлэгт 100 гаруй хүн хүчтэй хордож, 30 гаруй хүн нас барсан байна. Өвчлөлийн шалтгаан нь Германд үйлдвэрлэсэн нэгэн эмнээс гарсан байж. Удалгүй бараг муж болгоноор иймэрхүү хэрэг гарах болов. Тиймээс холбооны эмийн зөвлөл энэ хэргийг анхааралдаа авсан бөгөөд дээрх мужуудын өндөр албан тушаалтнууд баталгаажаагүй эмийг эмнэлгүүдэд тараасан байжээ. Энэ цагаас эхлэн эмийн импорт, экспортын асуудалд илүү нарийн анхаарах болсон байна. Мөн тус улсын Холбооны мөрдөх товчоонд энэ төрлийн хяналт, мөрдлөгийг хийх тусгай тасгыг ч хүртэл гаргасан ажээ. Одоогоор АНУ-д энэ асуудал бага хэмжээгээр буурсан бөгөөд өнгөрөгч хугацаанд 10 гаруй тэрбум доллар зарцуулсан гэх. Гэвч өнөөг хүртэл энэ асуудал АНУ-д тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.

Харин Монгол Улсад одоогоор хичнээн төгрөгийг эмийн асуудалд зарцуулж, ямаршуу үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна. Тодорхой байгаа ганц зүйл нь жил бүр Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийдэг. Жил бүр зөрчилтэй эмийн сангууд илэрдэг. Хордсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа л үзүүлэлт байна. Эмэнд хэн хяналт тавих вэ?

Б.БОЛОРСҮХ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж