Нийгмийн сэдвээр амьсгалсан “Оскар”

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Нийгмийн сэдвээр амьсгалсан “Оскар”

Америкийн кино академийн 88 дах удаагийн Оскарын наадам Лос Анжелесийн Долби театрт Ням гаригт сүр дуулиантай болж өнгөрлөө. Оскарын наадамд нэр дэвшигчдийг зарласантай зэрэгцэн наадмыг бойкотлох яриа гарч, цахим ертөнцөд Оскар хэтэрхий цагаан байна, цаашлаад Холливууд дэндүү цагаан байна гэсэн хэл ам гарсан. Учир нь, Холливуудын зарим жүжигчин, уран бүтээлчин кино академийн Оскарын шагналд сүүлийн хоёр жил нэг ч хар арьст уран бүтээлч нэр дэвшээгүйг эсэргүүцэж, наадамд оролцохгүй гэж мэдэгдсэн.

Наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа ид үргэлжилж байх зуур Долби театрын гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг цуглаан болж, эсэргүүцэгчид үзэгчдээс хэтэрхий цагаан Оскарын наадмыг бойкотлож, телевизээ унтраахыг уриалж байв. Харин цахим ертөнц жүжигчин Леонардо Ди Каприогийн зураг, эвлүүлгээр дүүрч, түүнийг энэ жил Оскарын шагнал авч чадах эсэх талаар ярилцацгааж байв. Түүнийг анхныхаа шагналыг авсны дараа шүтэн бишрэгчид нь үүнийг тэмдэглэхээр явцгаасан уу бүү мэд, цахим ертөнц хэсэг нам гүм болсон. Оскарын наадмыг энэ жил инээдмийн жүжигчин Крис Рок хөтлөн явуулсан юм. Түүнийг сонгосон нь ч санамсаргүй хэрэг биш байжээ. Учир нь, Кино академи арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг шүүмжлэлээс  болж, удирдах зөвлөлөө шинэчилж, уур амьсгалыг өөрчлөхөө амласантай холбоотой юм. Оскарын 88 дах наадамд олон уран бүтээлч сэтгэл дундуур үлдсэн бөгөөд ялангуяа  хар, өнгөт арьст уран бүтээлчид оролцохоос татгалзсан. Хөтлөгч Крис Рок ч мөн энэ талаар дуугүй өнгөрсөнгүй. Наадмын нээлтэд хэлсэн үгэндээ тэрбээр Холливуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт байгааг хэлж байлаа. Наадмын хаалтын үеэр Крис Рок арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөний уриа “Хар хүмүүс ч бас эрхтэй” гэдэг уриаг хэлсэн юм.

Оскарын наадмын үеэр бас нэг дуулиан болсон нь бэлгийн хүчирхийллийн эсрэг бүсгүйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн юм.  Дуучин Лэйди Гага хүчингийн хэргийн хохирогч гэж буй дуучин Кейшаг өмөөрч, Оскарын наадмын  үеэр “Чамд ч ийм зүйл тохиолдож мэднэ” хэмээх хүчингийн хэргийн хохирогчийн тухай өгүүлдэг дууг дуулсан байна. Түүнтэй хамт тайзан дээр хохирогч бүсгүйчүүд гарч ирж, дуулсан.

Олон хүн Оскарын шагнал аваасай гэж хүсч байсан жүжигчин Леонардо Ди Каприогийн шагнал авахдаа хэлсэн үг олны сэтгэлд хүрсэн билээ. Леонардо Ди Каприо хэлсэн үгэндээ “The Revenant” бол хүн байгалийн харилцааны тухай юм. 2015 он урьд хожид байгаагүй дулаан жил болсон. Уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нь бодитоор мэдрэгдэж байна. Энэ бол амьтай болгонд заналхийлж байгаа зүйл. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй ядуу зүдүү хүмүүс, бидний үр хүүхэд, үр хойчийнхоо төлөө бид хамтдаа үүнийг зогсоох ёстой. Харамсалтай нь,  улс төрчдийн сувдаг шунахайрлаас болж тэдний дуу хоолой хаалттай байна”  гэжээ.

Шилдэг кино

“Анхаарлын төвд”

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Леонардо Ди Каприо,  “Үхлээс мултарсан нь”

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Бри Ларсон – “Өрөө”

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин – Марк Райленс, “Тагнуулчдын зам”

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин – Алиса Викандер, “Дани бүсгүй”

Шилдэг анимейшн (бүрэн хэмжээний)– “Сэтгэл хөдлөлүүд”

Шилдэг зураг авалт – “Үхлээс мултарсан нь”

Шилдэг хувцас дизайн – Галзуу Макс: Хилэнт зам

Шилдэг найруулагч – Алехандро Иннариту, “Үхлээс мултарсан нь”

Шилдэг баримтат кино – “Эми” (Бүрэн хэмжээний)

Шилдэг баримтат кино –  Горхины дэргэд суугаа бүсгүй: Өршөөлийн үнэ цэнэ (Богино хэмжээний)

Шилдэг монтаж – “Галзуу Макс: Үхлийн зам”

Гадаадын шилдэг кино – “Саулын хүү” (Унгар)

Шилдэг нүүр хувиргалт, үс засалт – “Галзуу Макс: Үхлийн зам

Киноны шилдэг хөгжим – “Заналт найм”, хөгжмийн зохиолч Эннио Мориконе

Киноны шилдэг дуу – “Спектр” киноны дуу “Writing’s On The Wall,”

Шилдэг тайз засалт – “Галзуу Макс: Үхлийн зам”

Богино хэмжээний шилдэг энимейшн кино – “Баавгайн түүх”

Богино хэмжээний шилдэг кино – “Ээрүү”

Шилдэг дууны найруулга – “Галзуу Макс: Үхлийн зам”

Шилдэг дууны эвлүүлэг – “Галзуу Макс: Үхлийн зам”

Шилдэг визуал эффект – “X-Машин”

Шилдэг зохиол – “Их хямрал”

Шилдэг кино зохиол – “Анхаарлын төвд”

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж