Фото: Hassan Ammar / АР
Сирийн дайсагнагч талуудыг эвлэрүүлэх ОХУ-ын төвийн мэдээгээр өнгөрсөн хоногуудад гал зогсоох дэглэм долоон удаа зөрчигдлөө гэж Даваа гаригт уг төвийн дарга дэслэгч генерал Сергей Кураленко мэдээлэв.
“Зөрчлийн бүх мэдээг Амман дахь АНУ-ын төв рүү дамжуулсан” гэж генерал сэтгүүлчдэд ярив. Мөн түүний хэлснээр ОХУ болон АНУ-ын төвийн дарга нар утсаар ярилцан байлдааны ажиллагааг зогсоосон эхний үр дүнг хэлэлцээд хамтын ажиллагаандаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.
Гал зогсоох дэглэмийг мөрдөж байгаа сөрөг хүчний байрлалд цэргийн цохилт өгөхгүй байгааг тэр бас дуулгалаа. Дамаск мужийн Зейзун, Телль-Гехаб сууринд төвийг сахисан гэх зургаан бүлэглэлтэй гал зогсоох урьдчилсан тохиролцоог хийн түүнийг хэрэгжүүлэх механизмын талаар ярилцжээ. Гал зогсоох тохиролцоог одоогоор 37 бүлэглэл хийгээд байна. Мөн энэ үеэр уг арга хэмжээг далимдуулан 1200 босогч бууж өгч зэвсгээ хураалгасан байна. Тэд зохих шалгалтыг давсаны дараа энхийн амьдралдаа эргэн орох боломжтой гэж Эвлэрүүлэх төвийн товхимолд бичжээ.
Гал зогсоох дэглэмийн зөрчин Аллепо хотын хойд хэсэгт довтолгоо хийж байсан “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн дайчдыг ОХУ-ын агаар сансрын хүчний онгоцууд бөмбөгдсөн байна. Хмеймим баазад 50 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэн, хүн очиход хүндрэлтэй хэсгүүд рүү түгээх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР