Европчуудын босгосон Бабелийн цамхаг нуран унах уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Европчуудын босгосон Бабелийн цамхаг нуран унах уу?

 

Гишүүн орон тус бүр дотоод асуудалдаа анхаарал хандуулах болсноор Европын холбоо нэгдсэн байх сууринд хүрч, нэг зүйлд төвлөрч чадахаа байжээ. Улс төрийн нэг хэлээр ярихаа больсноос Европын амбиц яг л Бабелийн цамхаг шиг нуран унах эрсдэлд ороод байна.

 

Зөрчил мөргөлдөөн, ядуурлаас зугтсан олон сая дүрвэчийн урсгал Европын холбоо тэр дундаа Грек, Германы толгойны өвчин болов. Дүрвэгсдийг хүлээн авах “нээлттэй хаалганы” бодлого  хэрэгжүүлэх болсноор канцлер Ангела Меркелийн нэр хүнд олон улсад өссөн ч Германд буурч байна. Учир нь, зарим герман иргэн дүрвэгсдийг найрсгаар хүлээн авах бодолгүй байгаа аж.

 

Түүнчлэн олон тэрбум ам.долларын өрийн улмаас бүсээ чинээнд нь тултал чангалсан Грект дүрвэгсдийн асуудал нэрмээс болжээ. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас дүрвэгсдийн асуудалд Европын холбоо Афинд ялгавартай хандвал хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

 

Харин Францад хүмүүс исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайны тухай бодож байна. “Исламын улс” бүлэглэлийн үйлдсэн халдлагаас хойш Франц улс “шок”-ноосоо гараагүй, иргэд онц байдал дунд амьдарч байна. Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд исламын зэвсэгт дайчид амиа золиосолж, халдлага үйлдсэнээр 130 гэм зэмгүй амийг хөнөөсөн юм. Гэтэл Их Британийн хувийн амбиц Европын холбооны нэгдмэл байдалд заналхийлж эхлэв. Европын холбооноос гарахаар “сүрдүүлж” гишүүнчлэлийн статусаа өөрт ашигтайгаар өөрчлөхийг эрмэлзсэн Их Британи ирэх зургадугаар сард бүх нийтийн санал асуулга явуулна.

 

Энэ хооронд Польшид ард түмэн шинэ Засгийн газартайгаа Үндсэн хуулийн шүүх болон хэвлэл мэдээллийг хязгаарлахын эсрэг “хэрэлдэж” байна. Мөн Украины нөхцөл байдал Польшид давтахаас эмээж, ОХУ-аас болгоомжлол нэмэгджээ.

 

Итали, Португалын хувьд эдийн засгийн өсөлтийг хэрхэн сэргээхэд гол анхаарлаа хандуулсан байна. Каталоны салан тусгаарлах тэмцэл, улс төрийн саажилт нь Испанийг бутрах эрсдэлд оруулав. Дор бүрнээ ийм асуудалтай байгаа Европын холбооны лидерүүд Брюссельд цугласан ч юу хэлэлцэхээ шийдэх чадахгүй, маргах нь нэмэгджээ. Европын холбооны сүүлчийн хоёр чуулга уулзалтад Их Британ гишүүнчлэлийн асуудлыг шийдэхийг шаардаж байв. Харин Германы канцлер Ангела Меркель дүрвэгсдийн асуудлыг нэн даруй шийдэх ёстойг сануулжээ. Нөгөө талаас Францын ерөнхийлөгч Франсуа Олланд терроризмын эсрэг тэмцэл болон Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг ярьж байх жишээтэй.

 

Дүрвэгсдийн хямрал

 

Ямартай ч Европын холбоо ирэх гуравдугаар сарын 7-нд Турктэй хамтран чуулга уулзалт зохион байгуулж, нэн тэргүүнд тулгамдаад буй дүрвэгсдийн асуудалд нэгдсэн шийдвэрт хүрэхээр тохиролцсон байна. Дүрвэгсдийн урсгал Европын холбооны зохицуулах чадвараас давж гарснаар хямрал үүссэн юм. Улмаар Баруун Балканы орнууд дүрвэгсдийн урсгалыг сааруулахаар хилийн хана босгож, Шенгений бүсийг зогсоохыг  эрмэлзэх болов. Тухайлбал, Австри улс хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн дүрвэгсэд хүлээн авах өдрийн квот тогтоосон юм. Шенгений бүсийг хоёр жилийн хугацаагаар зогсоох асуудал ирэх өдрүүдэд Туркт болох уулзалтаас тодорхой болно.

 

Үүний зэрэгцээ Герман, Грек болон Европын холбооны удирдлагыг оролцуулалгүйгээр Төв Европ болон Балканы орнууд дүрвэгсдийн урсгалыг сааруулах асуудлаар уулзжээ. Европын холбоо өнгөрсөн онд дүрвэгсдийн хүлээн авах квот тогтоосон ч гишүүн орнууд үүнийг үл ойшоож байна. Европын холбооны квотыг үл харгалзан Унгар улс цаашид дүрвэгсдийг хүлээн авах эсэхээр бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Их Британи хэдийн дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Бабелийн цамхаг

Библи судрын эхлэл бүлэгт бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байсан талаар гардаг. Гэвч хүн төрөлхтөн тэнгэрт тулсан өндөр цамхгийг хүчээ нэгтгэн барьж эхэлсэн нь бурханд таалагдаагүй байна. Тэд зөвхөн цамхагт л анхаарлаа хандуулаад байдаг, гэтэл тэд зөвхөн цамхаг бариагүй байв. Цамхаг бол хотын нэг хэсэг байжээ. Харин бурхан тэднийг зогсоохын тулд хэлийг нь самууруулж, олон аялгуу бий болгосон гэнэ. Үүний дараа хүмүүс өөр өөр хэлээр харилцаж, нэгнээ ойлгохоо больсноор цамхгийн ажил зогсож, нурсан аж.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж