Телевизийн форумаас түүсэн бодол

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Телевизийн форумаас түүсэн бодол

Телевизийн форумаас түүсэн бодол

Өнгөрсөн долоо хоногт Монголын телевизүүүдийн форум болж өнгөрлөө. Монгол HD телевизийн зохион байгуулдаг уг арга хэмжээ энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд Монголын телевизийн хөгжлийн чиг хандлага, тулгарч байгаа асуудлыг ажил хэрэгчээр хэлэлцэн ярилцдаг талбар болдог.

Энэ жилийн форум “Монгол контентийн үнэлэмж” сэдвээр болсон ч форумийн байнгын сэдэв болсон оюуны өмчийн зөрчил, үзэж байгаа сувагдаа хэрэглэгч мөнгө төлдөг болох буюу эцсийн хэрэглэгчээс төлбөр авах асуудал мөн л яригдлаа. Одоогоор шийдэл олоогүй эдгээр асуудал шийдэгдэж байж, энэ салбарын хөгжил зөв замаар, илүү бизнесийн зарчмаар явна гэдгийг олон хүн хэлж байна. Хэдийгээр форумын үеэр зөвхөн телевизийн салбарыг хөндөн ярьсан ч эдгээр асуудал нь үнэндээ Монголын сэтгүүл зүйн салбарын өмнө тулгарч байгаа нийтлэг асуудал бөгөөд эднийг шийдэхгүйгээр салбарын хөгжлийн талаар ярих хэрэггүй юм.

ОЮУНЫ ӨМЧ, ОЮУНЫ ӨМЧ, ОЮУНЫ ӨМЧ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа хүлээн аваад анх хэлсэн үгэндээ хамгийн түрүүн хийх ажлаа “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж тодорхойлж байсантай адил сэтгүүл зүйн салбарын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал нь “оюуны өмч, оюуны өмч, оюуны өмч" болчоод байна. Энэ салбарыг бизнесийн утгаар нь хөгжүүлье гэсэн телевизүүд сүүлийн жилүүдэд оюуны өмчийн баталгаатай контентийг үзэгчдэдээ хүргэж байгаа. Энэ чиглэлд салбараа манлайлж буй нь Монгол HD болон Боловсрол суваг гэдгийг үзэгчид мэдэх байх. Нэн ялангуяа өнгөрсөн жилийн гол шоу болсон ”Авьяаслаг монголчууд” бол телевизийн салбарт бүхий л талаараа хувьсгал хийсэн гэдгийг форумын оролцогч бүр хэлж байсан.

Цалин , татвар, нийгмийн даатгалын шимтгэл, баталгаат оюуны өмчтэй контент гээд бүгдийг хуулийн дагуу хийгээд арай ядан амиа зогоож байгаа сувгуудтай зэрэгцэн хулгайн контентоор эфирээ дүүргэдэг сувгууд оршин тогтносоор байгаа нь энэ салбарт хуулийн ч, зах зээлийн ч зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байгаа. Яг ийм байдал цахим мэдээллийн орчинд ч мөн бий болчоод байгаа. Өөрийн гэсэн редакц ажиллуулж, хөрөнгө, хүч, цаг зарцуулан хийсэн контентийг хуулбарлан өнгө төрхийг нь өөрчлөн амь зогоодог 2-3 хүнтэй “мн”-үүд захаас аван байна. Үнэндээ сэтгүүл зүйн хөдөлмөрийн үнэ шингээгүй мэдээллийн байгууллагуудын зорилго нь зөвхөн мөнгө олох бөгөөд үүнийгээ шантаажны хэлбэрээр хийдэг нь нууц биш.

Өчигдөрхөн монголчуудын шимтэн үзсэн “Оскар”-аас шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан Леонардо Ди Каприогийн тоглосон “Revenant” киног манай нэгэн телевизийн суваг Оскарын киноны сар хэмээн нэрлэж хулгайн киног цувруулан гаргахдаа андууран Оскар авсан кино болгон гаргасан жишээг форумын үеэр жишээ татан ярьж байна. Амны билэгтэй л юм гэмээр ч ийм орчинд шударга байх, эрүүл өрсөлдөх гэж ярьж яваа хүн нь тэнэг харагдах болж. Нэг хэсэг зээлээ төлдөг хүн тэнэг гэсэн яриа байдаг байсантай ижил юм даа.

МОНГОЛ КОНТЕНТ ГЭДЭГ МООДНЫ ҮГ

Үзэгч, уншигчдад хүргэж байгаа мэдээлэл агуулсан бүхий л зүйлийг өнөө цагт контент гэдэг үгээр хэлэх болжээ. Сүүлийн жилүүдэд монгол уншигчдад зориулсан монгол контент бүтээх гэсэн том давалгаа явж байна. Тийм ч учраас өнгөрсөн жил баталсан Соёлын тухай хуулинд олон нийтэд зориулагдсан телевизийн сувгуудаар нэвтрэх эфирийн 60 хүртэл хувийг монгол контент байх ёстой гэсэн шинэ шаардлагыг тавьж эхэлж байгаа. Гэвч монгол контент, тэр дундаа телевизийн сэтгүүл зүйн монгол контент бүтээнэ гэдэг хямд төсөр юм биш. Гэсэн ч “Эзэнгүй айл”-аас өөр телевизийн олон ангит кино гэж мэддэггүй байсан монголчууд өнөөдөр гарын арван хуруунд багтах олон ангит кинотой болсон нь яах аргагүй дэвшил. Харамсалтай нь өртөг өндөртэй учраас зах зээлд өрсөлдөх чадваргүй байна. Солонгос савангийн дуурийн нэг ангийг нь 300-500 ам.доллар төлөөд аваад ирэх телевизүүдэд ашигтай, бас үзэгч нь ч хангалттай байна. Тиймээс ч ойрын хэдэн жилдээ монголчууд Солонгос савангийн дууриа үзсээр байх болно гэдгийг телевизийнхэн хэлж байна. Мэдээж энд өртгөөс гадна өгүүлэмжтэй сайн зохиолтой байх, жүжигчдийн ур чадвар гээд дараа дараагийн асуудал бас бий.

ЯРЬСААР БАЙХ УУ, ЭСВЭЛ ГАРЦ ХАЙХ УУ?

Нөхцөл байдал одоогийнхоороо байсаар байх аваас ирээдүйг өөдрөгөөр харахгүй байгаагаа телевизийн гүйцэтгэх захирлууд дуу нэгтэй хэлж байна. Бизнесийн бус зарчмаар амьдарч байгаа шантаажны жижиг телевизүүд хаагдах хэрэгтэй гэж байгаа ч нэг нь хүсээд, нөгөө нь хаагдаад байна гэж байхгүй. Харин энэ зах зээлээ цэвэрлэж авахын тулд хогийн ургамлуудад ургах талбай олдохгүй болтол нь шахах арга зам бий. Ингэхийн тулд зорилго нэгтэй, зовлон нэгтэй хэд нь нэгдэж ирээдүйнхээ төлөө оюуны өмчөө хамгаалах, хийсэн бүтээгдэхүүнээ зохих үнээр нь үнэлүүлдэг болох, шударга бусаар амьдрагчдыг шахах тэмцлийн замыг сонгохоос өөр замгүй.

Уг нь манай салбарт бидний эрх ашгийг хамгаалах зорилготой хангалттай холбоо бий. Гэсэн ч энэ салбарынхаа оршин тогтнох хөрс суурийг цэвэр байлгахын төлөө дуугардаг нь цөөн байна. Харин ч буруу зүйлийг нь өөгшүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажилладаг нь дийлэнх. Тиймээс зөв зүйлийн төлөө эвлэлдэн нэгдэх цаг нь иржээ. Мөнгө олохын төлөө улайрах биш, мөнгөө босгох хөрс сууриа цутгахын төлөө нэгдэх ирээдүй юм. Өнөөдөр нэг нь мөнгөө олоод редакциа хэдэн сар цалинтай байлгаж болно, гэсэн ч олсон мөнгө дуусахаар дахиад л дараагийн мөнгөний эрэлд гарна. Энэ бол дуусашгүй чөтгөрийн тойрог. Нэгнийхээ хөдөлмөрийг хулгайлагчийн эсрэг, нийт салбарын нэр хүндийг унагаагч шантаажлагчдын эсрэг тэмцэх цаг болсон. Тэгэхгүй бол зөвхөн гэрээ цэвэрлээд л сууж байтал гэрийг чинь тойроод шарилж битүү ургаж, удахгүй үүдээ ч нээж чадахаа байх нь.

Дотоодын контентоо бодлоготойгоор зах зээлийн эргэлтэд оруулах эх оронч санаачилга бас хэрэгтэй. Байгаа мөнгөө хил давуулан алдах биш дотооддоо эргэлдүүлж, улмаар дотоод контентийн үнэлэмжийг өсгөхгүйгээр хуулиар хувь тогтоож өгөөд ч нэмэргүй. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол үзэсгэлэн яармагийн лангуун дээр өрөөстэй байдаг эсгий таавчиг, гурил хольсон ааруул, нэг угаагаад бөөсөрдөг ноолууран цамц гэдэг ойлголт биш. Өнөөдөр контентийн зах зээл, харилцаа холбооны зах зээлийг үндэсний үйлдвэрлэл гэж харах цаг болсон.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж