“Төрийн мэдээлэл” эмхтгэл гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэл гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 15 дахь дугаарт Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Төрийн өмчийн зарим их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, өөрчлөн зохион байгуулахаар болсон юм. Тухайлбал, Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэхээр болсон бол Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийг Соёл, урлагийн их сургуультай нэгдэж байгаа ажээ. Түүнчлэн өөр ямар сургуулиудыг нэгтгэхээр шийдвэрлэсэн, хэчнээн сургуулийн үйл ажиллагааг зогсоон татан буулгах болсон, нэр бүхий хэдэн коллежийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн байгуулж байгаатай зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи ээлжит илтгэлийг эмхтгэлийг энэ удаагийн дугаартаа бүрэн эхээр нь нийтэллээ.
Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит ес дэх удаагийн илтгэлийг үндэстний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүний халдашгүй эрхийг хамруулан гурван бүлэг сэдвийн хүрээнд бичжээ.
Үндэсний цөөнх болох казах, цаатан буюу духа, тува иргэдийн эрхийн хэрэгжилтийн талаар энэ удаагийн илтгэлээс мэдээлэл авах болно. Үндэсний цөөнх иргэдийн соёл, зан заншлаа хадгалан үлдээх, өвлүүлэх, шашин шүтэх, шашны зан үйлээ үйлдэх, үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, шүүн таслах ажиллагаанд оролцох эрхийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлээс авах болно.
Үндэстний цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, одоогийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашид тэдний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдрал дахь идэвхтэй оролцоог хэрхэн хангах талаар ХЭҮК илтгэлдээ хөндсөн байна. Мөн 2008 онд манай улсын соёрхон баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудал, ялангуяа баривчлах, цагдан хорих арга хэмжээ, ял шийтгэл, өмгөөлөгчийн оролцоо зэрэг зарим асуудлыг илтгэлд тусгажээ гэж “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакциас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж