”Танил хөршийн маань танил бус түүх” хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

”Танил хөршийн маань танил бус түүх” хэвлэгдлээ

Германы нэрт түүхч, профессор Гюнтер Штөклийн “Оросын түүх” ном монгол хэлнээ анх удаа орчуулагдан хэвлэгдлээ. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй энэ ном нь өрнө дахинд маш их алдартай бөгөөд анх Германд 1963 онд хэвлэгдсэнээсээ хойш уншигчдын хүсэлтээр зургаан удаа шинэчлэгдэн хэвлэгджээ. Өдгөө долоо дахь удаагаа хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.

Монголчууд хоёрхон л хөрштэй. Тэдний нэг нь ОХУ. Магадгүй бидний хамгийн сайн мэдэх хөрш ч байж мэднэ. Хэдий тийм ч хойд хөршийнхөө түүхийн тухай мэдлэг тун хангалтгүй байдаг. Учир нь бид нэг үе Оросын түүхийг дан ганц Зөвлөлт холбоот улс коммунист намын түүхээр төлөөлүүлэн ойлгож ирсэн гэхэд дэгсдэхгүй биз ээ. Харамсалтай нь тэр түүхэнд үнэний хувь бага байлаа. Харин сүүлийн жилүүдэд Орос судлал тодорхой хэмжээнд хөгжиж байгаа ч буурьтай, бодитой бүтээл тун хомс байна. Тэгвэл түүх бичлэгээрээ алдартай Германы нэрт түүхч, доктор, профессор Гюнтер Штөклийн Оросын эрт үеэс өнөөг хүртэлх түүхийг хамруулан баялаг баримт, олон талт эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан туурвисан “Оросын түүх” ном энэ оройн зайг бага ч атугай нөхөж чадах болно. Энэ номын бас нэг онцлог нь Оросын түүхэн хүмүүсийн тухай гайхалтай задлан шинжилсэн тайлбарууд юм. Тухайн хүний сэтгэл зүй, зан араншин, төрж өссөн орчин, хүрээллийн нөлөөлөл, нөхцөл байдал гээд олон талаас нь задлан бичсэн эдгээр намтар нь түүхийг хэтэрхий эдүгээчлэх гэмтэй болоод буй өнөө цагийн нийгэмд ус агаар шиг хэрэгтэй зүйл юм. Монгол-Оросын харилцаа олон зууны уламжлалтай. Өдгөө энэ харилцаа шинэ нөхцөлд маш эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэл болон хувирч байна. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өрнүүлэх үндэс нь бие биеийн түүх, соёл, уламжлал, зан заншлыг урьд урьдаас илүү бодитой, өөр түвшинд судлан шинжилж, таньж мэдэх, ойлгож ухаарах нь ихээхэн чухал юм. Үүнд “Оросын түүх” ном өөрийн хувь нэмрийг оруулах нь гарцаагүй. Түүхийг үзэх хуучин хандлагаас татгалзаж бодит үнэнийг эрэлхийлж буй уншигчдын маань таалалд энэ бүтээл бүрнээ нийцнэ гэдэгт итгэж байна. Дашрамд дурдахад энэ номын орчуулагч Д.Моононцагаан 2006 онд “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Германы нэрт дипломатч, судлаач Конрад Зайцын “Хятад, Дэлхийн гүрэн эргэн ирж байна” номыг монгол хэлнээ буулгасан болно. Хэрвээ Та бүхэн “Оросын түүх” номыг худалдан авч танил хөршийн танил бус түүхтэй танилцахыг хүсвэл “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбарт худалдаалж байгаа юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж