Нийгмийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг гуйвуулж, мушгиж байгаад харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Нийгмийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг гуйвуулж, мушгиж байгаад харамсаж байна

Нийгмийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг гуйвуулж, мушгиж байгаад харамсаж байна

“Ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл’’-ийн талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг яагаад санаачлах болов. Энэ хуулийг санаачилсны ач холбогдол нь юу вэ?

-Сүүлийн жилүүдэд нийгмийн сөрөг үзэгдлүүдийг дагаад гэр бүл салалт нэмэгдэж, тэр хэрээр өрх толгойлсон аав, ээж олширч байна. Зөвхөн салалтаас ч бус хэн нэг нь нас барах, буруу хазгай гишгээд эрхээ хязгаарлуулах зэрэг олон шалтгаанаар өрх толгойлж, үр хүүхдээ ганцаар өсгөх үүрэг зарим аав, ээжид оногддог. Сүүлийн гурван жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлж байна. Эндээс 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх 40433, эцэг 7971 байна. Бүр нарийн тоо хэлбэл, эдгээр эцэг, эхийн 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх амаргүй үүргийг гүйцэтгэдэг. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн. Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна.

Үүний улмаас бэлэвсэрсэн, салсан болон бусад шалтгаанаар ганц бие үлдсэн хүүхэдтэй эцэг, эхүүд сэтгэл санааны хямралаасаа богино хугацаанд гарч чадахгүй. Улмаар амьдрал нь уруудан доройтох, амьдрал ахуйгаа хэвийн авч явах чадамжгүйгээс хүүхэд хохирох зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байдаг.

Тийм учраас өрх толгойлсон ганц бие эцэг, эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж, М.Энхболд, М.Бямбацогг, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүдтэй хамтран энэ хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Ер нь бол нийгмийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа хамгийн эмзэг хэсэгт төрийн бодлогыг хүргэх хууль гэж ойлгож байгаа.

-Ганц бие эх, эцэгт ямар байдлаар нийгмийн халамж үзүүлэх вэ?

-Манай улсын нийгмийн халамжийн тухай хуулиар ганц бие эцэг, эхэд үзүүлж байгаа халамж, хөнгөлөлтийн эрх зүйн зохицуулалт, нийгмийн үйлчилгээний талаар тодорхой хязгаарлалт, нөхцөлүүдийг заасан нь учир дутагдалтай байна. Тухайлбал, олон хүүхэдтэй боловч 50 нас хүрээгүй, нэг, хоёр хүүхэдтэй боловч мөн 50 нас хүрээгүй ганц бие эцэг, эхүүд нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхгүй, нэг, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тэтгэмжийг хүртэх эрхийг хуулиар хязгаарласан байдаг.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гэр бүл,хүүхдийн эрх ашиг сонирхлыг хүний эрхэд суурилсан нийгмийн халамжийн цогц эрх зүйн зохицуулалт, хамгаалалттай уялдуулан зохицуулах нь чухал байна. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх дэмжлэг туслалцааг өрхийн орлогыг дэмжих, амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад зориулж дэмжлэг үзүүлэх, боловсролын болон эрүүл мэндийн талаар дэмжлэг үзүүлэх, бусад хөнгөлөлт үйлчилгээнд хамруулах гэсэн багц төрөл хэлбэрээр үзүүлэх боломжтой гэж үзэж үзэж байгаа. Тухайлбал, өрх толгойлсон эцэг, эхэд өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол мэргэжил олгох сургалтанд ахмруулах зэргээр төр амьдралд нь дэм болох боломжтой.

Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэг гэвэл төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсэн. Дээр нь харьяаллын дагуу цэцэрлэг, сургуульд нэн тэргүүнд хамруулах, хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох зэргээр дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд хоёр ба түүнээс дээш зургаа хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт өрх, сум, баг, хорооны эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлөх гэх зэрэг маш олон заалтууд тусгагдсан.

-Энэхүү төслийн төсвийн төсөөллийн талаар тодорхой хэлэхгүй юу?

Төсөлд тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж үзүүлэх асуудал туссан. Тухайлбал, хүүхэд асрах чөлөөтэй 0-3 хүртэл насны хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгасан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 192000 төгрөг байгаа шүү дээ. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгох боломжтой гэж үзэж байгаа. Амьжиргааны доод төвшний 50 хувь гэхээр 96000 төгрөг болж байгаа. Энэ бүхнийг тооцоод үзэхээр жилд 26.5 тэрбум төфөг шаардпагатай болж байна. Уг хөрөнгийг нэмэлт эх үүсвэр гаргахгүйгээр нийгмийн халамжийн хөрөнгийг хүн амын тодорхой зорилтот хэсэгг чиглүүлэх замаар зохицуулах боломжтой.

– Сар бүр тэтгэмж өгнө гэсэн үг үү?

-0-3 насны хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд сар бүр 192000 төгрөг олгож байхаар, харин халаалт, цахиалгаан, ус түлшний хөнгөлөлтийг улиралд нэг удаа өгөхөөр тусгасан. Айл гэрийнхээ ачааг нуруундаа үүрч, ганцаараа үр хүүхдээ өсгөх гэж зүтгэж яваа ээж, аавын амьдралд хүрэлцэхгүй ч тодорхой хэмжээгээр дэмжлэг болноо гэж үзэж байна.

-Та өөрийн цахим хаягтаа “Манай улсад 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байдаг” гэж бичсэн байсан. Гэтэл Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст 2015 оны байдлаар өрх толгойлсон эхийн тоо 78.606 гэсэн байна. Тэгэхээр эдгээр тооны аль нь бодитой вэ?

-Түрүүн таны асуултад хариулахдаа би хэлсэн. 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40.500, өрх толгойлсон аав 8.000 орчим байдаг. Харин 78.606 гэдэг бол өрх толгойлсон бүх насны эмэгтэйчүүдийн тоо.

-Энэ хуулийн төслийг санаачилсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлсэн. Уг мэдээллийг олон нийт янз янзаар хүлээн авч байгаа. Түүн дотор хавтгайрсан халамжийг улам өөгшүүлж байна, мөнгө авахыг тулд гэр бүлээ цуцлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэх зэргээр шүүмжилж эхэллээ. Үнэхээр улсаас мөнгө авахын тулд иргэд гэр бүлээ цуцлуулаад эхэлбэл яах вэ. Цаасан дээр л гэр бүл цуцаллаа гэж байгаа болохоос халамжаас мөнгө аваад цуг амьдраад байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл үүнээс хамгаалах арга замыг ямар байдлаар хуулийн төсөлд тусгаж байгаа вэ?

-Нийгмийн тусламж үйлчилгээ хамгийн их шаардлагатай хэсэгт зориулсан хуулийн төслийг маань улстөрийн зорилгоор гуйвуулж мушгиж байгаад харамсаж байна. Үнэхээр ажил хийгээд амьдрах боломжтой хэсэг нь ажлын байр нь байж байвал сарын 190 мянган төгрөгний төлөө гэр бүлээсээ сална гэдэг утгагүй. Энэ хуулийн төсөл батлагдсанаар өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамж нэмэгдэж, эх хүүхдийн эрхийн хэрэгжилт, нийгмийн хамгаалал нь сайжирна. Тэд хөдөлмөр эрхпэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангагдаж өрхийн амьжиргаа нь дээшлэх, хүүхэд нь хараа хяналтаас гарах, сургуулиас завсардах, хүнд хүчир хөдөлмөрт татагдан орж амь нас, эрүүл мэндээр хохирох зэрэг явдал багасах зэрэг эерэг үр дагавартайгаас гадна ядуурал буурахад зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

-Хуулийн төсөл боловсруулахдаа гадны улс орнуудын жишгийг судалж үзсэн үү. Гадны улс орнууд ямар байдлаар ганц бие эцэг, эхчүүддээ дэмждэг вэ?

-Дэлхийн улс орнуудын хууль зүйн практикаас харахад ганц бие эцэг эхэд үзүүлэх халамж, хөнгөлөлт, дэмжлэг, үйлчилгээг тусгайлсан хуулиар зохицуулдаг нийтлэг хандлага байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Нидерландын Вант Улс, Норвеги Улс, ОХУ, АНУ зэрэг улс орнуудын холбогдох хууль эрх зүйн орчныг харьцуулан судалсан болно. Жишээ нь Филиппин улсад Орон нутгийн Нийгэм хамгаалал, хөгжлийн газраас өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд ID карт (үнэмлэх) олгосноор холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах боломжтой болох юм.

ID карт авахын тулд нийгмийн ажилтанд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг. Нийгмийн ажилтан өрх толгойлсон эцэг, эхтэй сайтар ярилцаж, түүний нөхцөл байдлын талаарх тооцоолол болон үнэлгээг хийнэ. ID картныг нэг жилийн хугацаатай олгож сунгалт хийхдээ нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг нэмж хийгээд явдаг байна. Хэрэв өрхийн орлого нь тогтоосон хязгаараас доош буюу ядуурлын түвшинд байгаа бол халамжийн үйлчилгээ-хөтөлбөрт бүхэлдээ хамрагддаг. Харин боломжийн орлоготой бол зөвхөн уян хатан ажлын цаг, эцэг, эхийн чөлөө болон Нийгэм хамгаалал, хөгжлийн газраас тодорхойлсон бусад үйлчилгээнд хамрагддаг байна.

-Хуулийн төслийн хэлэлцүүлэг хэзээ болно гэсэн бэ?

-Хуулийн төслийн хэлэлцүүлэггуравдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагаас Төрийн ордонд болно. Хүссэн хүн бүр оролцож өөрийнхөө, үр хүүхдийнхээ эрхийн төлөө санал бодлоо илэрхийлэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж