Лео анхны Оскараа авлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Лео анхны Оскараа авлаа

“Spotlight” шилдэг киногоор шалгарав

Кино академийн 88 дах удаагийн Оскарын наадмын шилдэг киногоор “Spotlight” /Анхаарлын төвд/ кино шалгарлаа.  Пулитцерын шагналт сэтгүүлзүйн бүтээлээс сэдэвлэсэн энэхүү гэмт хэргийн драм “Revenant” –аас ч илүү шуугиан тарьсан юм.


12:58

Шилдэг найруулагчийн шагналыг олны таамаглаж байсан Мексикийн найруулагч Алехандро Иннариту “Revenant” киногоор хүртлээ. Алехандро Иннариту энэ киногоор Алтан бөмбөрцөг наадмын шагналыг мөн хүртсэн билээ. Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Бри Ларсон “Өрөө” киноны дүрээр, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг жүжигчин Леонардо Ди Каприо “Revenant” киноны дүрээр авлаа.

Сэм Смит, Жимми Нейпс нарын дуулсан “Спектр” киноны дуу шилдэг киноны хөгжим шагнал авлаа.


12:35

Шилдэг богино хэмжээний кино:  “Ээрүү”

”Кино академийн Оскарын наадмын богино хэмжээний шилдэг кино төрөлд Бенжамин Клеригийн “Ээрүү” нэртэй кино шалгарлаа.  Кинонд ганцаардмал нэгэн эр интернэтээр бүсгүйтэй танилцаж харилцах болсон нь  хэл ярианы согогийг нь хэрхэн засч байгааг харуулдаг дижитал эриний жирийн нэгэн түүхийг өгүүлдэг байна.

Энэ төрөлд мөн "Аве Мариа”, “Нэг өдөр”, “Бүх юм сайхан болно”, "Шок" зэрэг кинонууд өрсөлдсөн юм.


11:50

Марк Райленс шилдэг туслах дүрийн шагнал авав

Жүжигчин Марк Райленс туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг "Bridge of Spies." Киноныб дүрээр авлаа.  Кино шүүмжлэгчид түүний чадварыг өндрөөр үнэлсэн байна.

Түүнтэй хамт энэ төрөлд: "The Big Short" киногоор Кристиан Бейл, , "The Revenant"  киногоор Том Харди, "Spotlight" киногоор Марк Руфалло, “Крид” киногоор Сильвестер Сталлоне нар өрсөлдсөн юм.

 

 


11:32

“Баавгайн түүх” түрүүллээ

“Баавгайн түүх” богино хэмжээний шилдэг энимейшн төрөлд Оскарын шагнал авлаа. Энэ төрөлд өрсөлдсөн бусад кино нь:

"Пролог"

"Санжайгийн супер баг"

"Бид сансаргүйгээр амьдарч чадахгүй"

"Дэлхий маргааш"

“Баавгайн түүх” гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн

88 дах удаагийн Оскарын наадмын шилдэг богино хэмжээний энимейшн кино төрөлд шалгарсан “Баавгайн түүх” киноны зохиолч, найруулагч Габриэл Осорио, продюсер Пато Эскала нар кинондоо гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахыг хүссэн гэдгийг онцолжээ.

Кинонд эхээс нь салган циркийн амьтан болгосон нэгэн баавгайн тухай өгүүлдэг байна.

Найруулагч Осорио энэхүү киног Чилийн дарангуйлагч Августо Пиночетийн дэглэмийн үеийн улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамжаас сэдэвлэн бүтээжээ. Найруулагчийн өвөг эцэг нь Пиночетийг төрийн эргэлт гаргасны дараа улс төрийн хилс хэргээр шоронд хоригдож, сүүлд Англи руу дүрвэн гарсан байжээ.

“Кинондоо би гэр бүл хамтдаа байхын ач холбогдлыг харуулж, ийм зүйл дахин битгий давтагдаасай гэдгийг хүмүүст хүргэхийг зорьсон” хэмээн найруулагч Осорио ярьсан байна.


11:17

Том Харди тэвдэж эхэлжээ 

88 дах удаагийн Оскарын наадам шагналын эздийг тодруулсаар байна. “Revenant” киноны дүрээр Оскарт нэр дэвшсэн жүжигчин Том Харди багагүй нервтэж байгаа гэнэ.

Сэтгүүлч түүнээс “Revenant” киноны дүр шагнал авчирна гэж горьдож байна уу гэж асуухад тэрбээр

“Үгүй ээ. Би эхнэрээ хүлээж байна. Тэр угаалгын өрөөнд хөхний даруулгаа янзалж байгаа. Байнга ингэдэг юм” гэж хариулсан байна.


11:10

"Ex Machina" шилдэг визуал эффекктэй киногоор шалгарав

Эндрю Вайтхёрст, Пол Норрис, Марк Эрдингтон болон Сара Беннет нар "Ex Machina." Киноны шилдэг визуал эффект төрөлд Оскарын шагнал гардаж авлаа. Энэ төрөлд  “Галзуу Макс”, “Ангарагийн хүн” “Үхлээс амь мултарсан нь”, “Оддын дайн- Сэрсэн хүч” зэрэг кинонууд өрсөлдсөн юм.


11:02

Дахиад л “Галзуу Макс

“Галзуу Макс” Оскарын наадмын галзуу кино болох нь тодорхой болов. Кино наадмаас шилдэг дууны найруулга, шилдэг дууны эффект төрөлд Оскар хүртлээ. Одоогоор “Галзуу Макс” нийт зургаан Оскартай боллоо.


10:58

“Revenant”  эхний шагналаа авлаа

“Галзуу Макс” кино одоогоор Оскарын дөрвөн шагнал аваад байна. Гол шагналуудыг хараахан нэрлээгүй байгаа ч хамгийн их хүлээлт үүсгэж байсан “Revenant” кино одоогоор шилдэг зураг авалт төрөлд эхний шагналаа авлаа. “Revenant” киног Оскарын наадмын гол шагнал болох шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд шалгарах магадлал өндөр байгаа юм.


10:40

Галзуу Макс Оскарыг хамав

Оскарын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг трансжендер бүсгүйн тухай өгүүлдэг “Дани бүсгүй” киноны дүрээр Алисиа Викандер хүртлээ. Түүнтэй хамт Рүүний Мара, Рэчел МакАдамс, Кейт Уинслет, Женнифер Жейсон Лей нар өрсөлдсөн юм.

Харин “Галзуу Макс” кино Оскарын хамаг шагналыг хамж мэдэхээр байна. Одоогоор “Галзуу Макс” Оскарын шилдэг хувцасны дизайн, шилдэг бүтээлийн дизайн, шилдэг make up, үс засалт, шилдэг монтаж зэрэг шагналуудыг түүгээд байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж