Өнөөдөр “Гэр бүлийн өдөр” тохиож байна. Та ямар ч чухал ажил, албатай байсан сард ганцхан тохиох “Гэр бүлийн өдөр”-ийг зөвхөн гэр бүлдээ, үр хүүхдэдээ зарцуулаарай.
Нийслэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сар бүрийн сүүлийн ням гаригийг “Гэр бүлийн өдөр” болгон, тусгайлан тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан билээ. Шийдвэр гарснаас хойшхи анхны “Гэр бүлийн өдөр” өнөөдөр тохиож байгаа юм.
Гэр бүлүүд дээрх уриалгыг идэвхтэй хүлээн авч хэрэгжүүлбэл, тухайн гэр бүлийн зэврүүн уур амьсгал дулаан болж, гэр бүлийн гишүүд биесээ ойлгож, харилцан хүндэтгэлтэй хандаж, үл ойлголцох, өсвөр насныхны тулгамдсан асуудлыг аав ээжүүд ойлгож туслан, зөвлөдөг болно. Мөн хүүхдүүд ахмад настнаа хүндэлж, өвөө эмээгийнхээ сургаал, үгийг сонсож, ёс заншил, өв уламжлал, ураг төрлөө дээдэлж, хамгаална хэмээн үзсэн. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ гадуур дэмий сэлгүүцэх биш, чөлөөт цагаа аав ээжтэйгээ үр бүтээлтэй өнгөрүүлдэг болно зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарна хэмээн санаачлагчид хүлээж байгаа юм.
Сар бүрийн сүүлийн ням гаригт тохиох энэ өдрөөр гэр бүлээрээ явж буй хүмүүст “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд ч хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм байна. Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд ч гэр бүлийн өдрийг тууштай дэмжиж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд сайн анхаарах шаардлагатайг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас уриаллаа.
Б.ЗАЯА