ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын ГХЯ-д хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2011 оны зургадугаар сарын 18–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Швейцарын талын төлөөлөгчдийг Швейцарын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Бийт Нобс нар тус тус тэргүүлэн оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хоорондох улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын харилцаа, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Швейцар Улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулах, манай улсад швейцарын эдийн засгийн бодит сонирхлыг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь манай орны онцлогт тохирсон ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох зэрэг олон чиглэлээр төслүүд санаачилж, амжилттай хэрэгжүүлж ирсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар хоёр тал онцлон тэмдэглэв.Хоёр тал дараагийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2012 онд хийхээр тохиров гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж