Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэн таван сар орчмын хугацаанд 34.7 их наяд төгрөгтэй дүйх хөрөнгө, орлого ил болсон нь монголчуудыг төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг алмайруулж байна. Монголын ДНБ-ээс давсан хөрөнгө, орлого далд эдийн засагт эргэлдэж байсан нь ийн ил болов. Цаашид дээрх хөрөнгө, орлогын хэмжээ өснө. Учир нь Гааль, татварын ерөнхий газраас зарласан энэхүү мэдээ бол урьдчилсан дүн юм.
Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулахдаа 10 их наяд орчмын хөрөнгө, орлого ил болох болов уу гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. Өмнө нь буюу 2007 онд Татварын өршөөлийн хуулийг батлахад 4.5 их наядын хөрөнгө, орлого ил болж байсан тул түүгээр баримжаа авсан ч хэд дахин нугалав. Сайн хэрэг. Монгол ядуу биш юм байна. Улсынхаа 5-6 жилтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлоготой болохоо мэдэж авлаа. Мөн татварын орлогод ч тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө үзүүлнэ.
Гол нь цаашдаа татварын орчноо үндсээр нь өөрчилж, хүн бүр татвараа төлдөг, үр шимийг нь хүртдэг тогтолцоотой болохгүй бол асар их хөрөнгө, орлого далд эдийн засагт эргэлддэг гажиг дахиад бий болохгүй гэх газаргүй нь эндээс харагдана.
УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлахдаа хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албаныхныг хамруулахгүй байхаар зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хууль хүн бүрт тэгш үйлчлэхээр батлагдсан бол өнгөрсөн пүрэв гаригт Гааль, татварын ерөнхий газраас зарласан 34.7 их наядын хөрөнгө, орлогын хэмжээ үүнээс ч өндөр гарсан байх магадлал бий. Гэхдээ тэд бусдын нэрээр хөрөнгө, орлогоо бүртгүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Одоо харин энэ бүхнээс монголчуудын авах сургамж нь татварын орчин нь ил тод, ойлгомжтой, хүн бүр татвараа үнэн зөвөөр тэгш төлдөг болох. Ийм тогтолцоонд шилжсэн цагт татварын орлого нэмэгдэж, тэр хэрээр орлогод төвлөрснөө буцаагаад үр ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулдаг болох нь чухал байна.
Ингэхгүй бол нэг хэсэг нь олсноо нууж, нөгөө хэсэг нь түүнийх нь араас хөөцөлдөж, бүр болохгүй бол хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хорьж, цагдан асуудлыг шийдэхээс аргагүйдээ хүрдэг нь байсхийгээд Татварын өршөөлийн хууль батлахаас аргагүйд хүргэх нь.
Тоон хэлээр:
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас тус, тус чөлөөлжээ.
Сангийн яам:
Нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, 31.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгосон нь энэ юм байна. Үүнээс 8.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг бүртгэгджээ. Энэхүү бүртгэлийн хүрээнд 26.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөөд байгаа аж. Баталгаажуулаагүй тайлангийн хүрээнд гаргасан аливаа татварын тайлан нь хүчин төгөлдөр бус болдог тул баталгаажсан тайлангийн хүрээнд орлогыг бүртгэжээ.
Гааль, татварын ерөнхий газар:
Нийт 5 төрлийн татварын хүрээнд 89394 тайлангаар 34.2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 8.2 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 2.46 их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.
Энэ дүнд гаалийн байгууллагад мэдүүлэх онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвар ороогүй юм байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар:
Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргаснаас 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн байна. Энэхүү бүртгэлийн дагуу нийт 7.8 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлөөд байгаа аж.
Гааль, татварын ерөнхий газар:
Нийт 1795 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 8140 гаалийн товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 353.8 сая ам.доллар буюу 516.1 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 79 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 23.7 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж ээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар:
Нийт 399.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 647 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна.
744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 428.5 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Г.ОЮУ