Тахианы саравчин дахь Оскар

Хуучирсан мэдээ: 2016.02.27-нд нийтлэгдсэн

Тахианы саравчин дахь Оскар

-Оскарын эзэд шагналаа хаана хадгалдаг вэ-

Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет шагналаа угаалгын өрөөндөө, жүжигчин Рассел Кроу тахианы саравчинд хадгалдаг гэвэл та итгэхүү. Тэгвэл бусад нь үнэ цэнтэй шагналаа хаана хадгалдаг вэ гэдгийг хамтдаа сонирхоё.

Шагналаа угаалгын өрөө, жорлондоо хадгалдаг алдартнууд цөөнгүй бий гэнэ. Тэдний дунд жүжигчин Сюзан Сарандон, Лионел Ричи, Шон Коннери, Жоди Фостер нар багтана. Шагналаа угаалгын өрөөнд саван, шампунийн хажууд хадгалдаг бас нэг алдартан бол Их Британийн жүжигчин Кейт Уинслет гэнэ. Кейт Бернхард Шлинкийн ижил нэрт романаас сэдэвлэсэн “Уншигч” киноны дүрээр шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал авсан юм. Эдгээр алдартнууд Оскар угаалгын өрөөнд их зохицдог гэж тайлбарласан гэнэ.

Харин уламжлалыг баримтлагчид болох жүжигчин Жорж Клуни, Дастин Хоффман нар Оскарын шагналаа номын өргөө, номын сандаа залсан гэнэ. Жүжигчин Риз Вийтерсфүүн шагналаа зочдын өрөөнд орж ирсэн хүн болгонд харагдахаар тавьсан байдаг бол жүжигчин Гвинет Пэлтроу Жон Мэддений 1998 оны “Дурласан Шекспир” киноны шагнал нь өөрийг нь айлгаад байсан тул далд хийсэн гэнэ.

“Филадельфи”, “Форет Гамп” зэрэг киногоор Оскарын шагналыг хоёр ч удаа хүртсэн Том Хэнкс харин шагналаа дурсгалын цомуудын хамт хүндэтгэлтэй хадгалдаг байна.

1970 оны “Кактусын цэцэг” киноны дүрээр шилдэг туслах дүрийн Оскар авсан жүжигчин Голди Хоун бясалгах дуртай нэгэн учраас шагналаа бясалгалын Энэтхэг маягийн өрөөндөө хадгалдаг гэнэ. 2000 онд Ридли Скоттын “Гладиатор” киноны дүрээр Оскар авсан жүжигчин Рассел Кроу хачирхалтай нь шагналаа Австрали дах эдлэнгийнхээ тахианы саравчинд хадгалдаг аж. Оскарыг тахианы саравчинд хадгалахаар тахианууд нь том өндөг гаргадаг гэдэгт мань эр итгэдэг байна.

Анжелина Жолигийн ээж нь амьд сэрүүн байхдаа охиныхоо “Задарсан охин” киноны шагналыг нандигнан хадгалдаг байсан гэдэг.

Түүнтэй адил Австралиас гаралтай жүжигчин Николь Кидманы эцэг эх ч мөн түүний “Цаг” киноны шагналыг нь ил зуухныхаа дээд талд залсан байдаг ажээ. Харин өнгөрсөн жил Оскарын шагналын эзэн болсон залуу хатагтай Женнифер Лауренс шагналаа аав ээжийнхээ төгөлдөр хуур дээр залсан гэнэ.

Жүжигчин Николас Кейж 1996 онд Лас Вегасаас Луизана руу нүүхдээ шагналаа ачааны машинд зөөсөн аж. Хэрэв Кино Академи түүнээс шагнал хаана байгааг асуувал тэр санахгүй ч байж магадгүй гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж