“Best art gallery”-д “Аниргүй дэх өнгө“ сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдлээ. Энэхүү үзэсглэнг Монголын урлагийн зөвлөлөөс эрхлэн гаргаж байгаа бөгөөд Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгж боломжийг олгох, тэдний туурвих үйл явцыг дэмжих зорилготой зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнд хөрөг зургаар уран бүтээлээ туурвидаг зураач Ж.Нармандах оролцсон. Бид зураач Ж.Нармандахтай ярилцлаа.
-Таны зурсан зургуудыг хараад дандаа хөрөг зургууд байгааг ажиглалаа. Ер нь яагаад хөрөг зураг зурах болсон бэ?
-Нүүр, нүд бол сэтгэлийн толь гэдэг. Би бага байхаасаа, оюутан байхдаа хүний сэтгэл санааг нүүрэн дээр нь гаргаж ирэхийг хүсдэг байсан. Хүний нүд бүх утга санааг илэрхийлдэг шүү дээ. Тиймээс хөрөг зурах дуртай.
-Өөрийн тань зурсан хөргүүдээс хэнийх нь хөрөг илүү таалагддаг вэ?
-Би түүний нэрийг мэдэхгүй. Нэр мэдэхгүй ч зүс таних нэгэн эмэгтэйн хөрөг маань ихэд таалагддаг. Тиймээс түүний хөргийг өөрийн нэрийн хуудас дээрээ тавьсан. Бас фэйсбүүк хуудсандаа ч байрлуулсан.
-Хөрөг зургаас гадна ямар төрлийн бүтээл туурвихыг хүсдэг вэ?
-Би сийлбэрт хүч үзье гэж бодож байгаа. Сүүлийн үед баримлын чиглэлийг сонирхож эхэлсэн. Ер нь хүнд хандсан бүтээлүүдийг хийхийг зорьдог.
Тухайн бүтээлээрээ ямар утгыг ойлгуулахыг эрмэлздэг вэ?
-Сонсголын бэрхшээлтэй хүнийг харахад эрүүл юм шиг харагддаг хэдий ч, эрүүл хүн шиг эрүүл орчинд амьдрах гэж зүтгэж байгаа. Бид эрүүл хүмүүс шиг мэдээлэл авч амьдрахад үнэхээр хүнд. Тэр зовлон шаналлыг харуулахыг хүсдэг.
-Өөртөө зориулж ямар хийж байсан бэ. Тухайн бүтээл таныг яаж тайвшруулж, сэдэл өгч байв?
-Би хүний дотоод ертөнцөд нэвтрэн, тухайн хүний гэр бүлийн амьдрал, аз жаргал, баяр баясгалан, бас эсрэгээрээ багахан уйтгар гунигийг нь дүрсэлж хөрөг зурах дуртай. Уран бүтээл маань надад үргэлж урам өгч байдаг.
-Та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Бид нарт шүүмжлэл их эмзгээр тусдаг л даа. Гэхдээ шүүмжлэлийг хүлээн авах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс шүүмжлэхэд арай өөр өнцгөөс харж, сургамж авдаг. Ингэснээр би өөрийн хийж буй зүйлээ засах, сайжруулахад дэм болдог.
-Таны бодлоор Монголын уран бүтээлчид ямар түвшинд яваа гэж боддог вэ?
-Монголчууд дэлхийн түвшинд өөрсдийн бүтээлийг чадаж байгаа гэж боддог. Гэхдээ бидэнд хөгжих, ахих, анхаарах зүйл маш их байгаа байх.
-Хэдий сонсгол муутай ч, амьдралыг ямар өнгөөр “сонсож”, мэдэрдэг вэ?
-Сонсож чадахгүй байсан ч бид нар биеийн хэмнэлээр аялгууг мэдэрдэг. Хүмүүс биднийг сонсохгүй гэхээр л бидний чихээр холбож ойлгоод байдаг юм шиг санагддаг. Гэтэл сонсголгүй иргэд биднийг сонсохгүй гээд байгаа болохоос биш, аливааг нүдээрээ, биеэрээ мэдэрч, эрүүл хүний хэмжээнд амьдралыг хүлээн авч чаддаг. Тийм байхыг хүсдэг.
-Сонсгол муутай иргэдэд ямар байгууллагууд халамж, анхаарал тавьдаг вэ?
-Сонсголгүй иргэд бидэнд тусалж байгаа олон байгууллагууд байгаа. Гэхдээ бидэнд олон байгууллагуудад өөрсдийнхөө бүтээлийг танилцуулахад дохионы хэлний хүндрэл учирдаг. Би энэ дашрамд Монголын Урлагийн зөвлөлийнхөнд талархлаа илэрхийлмээр байна. Тэд бидний үзэсгэлэнг нээхэд маш их туслалцаа үзүүлсэн.
-Цаашдын зорилгоо сонирхуулна уу. Мөн 10-20 жилийн дараа гэхэд ямар хүн болно гэж бодож байна?
-Миний ирээдүйн зорилго бол сонсголгүй иргэд ч бусдын адил бүтээж чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Ирээдүйд өөрийгөө нэрд гарсан уран бүтээлч болно гэж төсөөлдөг шүү.
-Баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье.
Я.ТӨМӨР-ОЧИР
Товч танилцуулга:
Зураач Ж.Нармандах 1988 онд төрсөн. 2006 онд 29-р тусгай сургууль, 2010 онд Ардын зураач Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” сургуулийг зураач мэргэжлээр тус тус төгссөн. 2009 онд “Анима” сургуулийн 15 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнгээс 2 дугаар байр, 2012 онд “Судалбар” хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс мөн 2 дугаар байрын шагнал хүртсэн. 2010, 2011 онд “Mongolian Young Artist” үзэсгэлэн, 2012 онд “Хавар”, “Намар”, “Шинэ бүтээл” үзэсгэлэн, 2013 онд “Алтан бийр”, 2014 онд “Миний найз” хамтарсан үзэсгэлэнд тус тус оролцож, уран бүтээлээ танилцуулсан. 2014 онд “Баярлалаа” анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.