Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ “Хадгаламж зээлийн хоршоо эрхлэгч нь зар сурталчилгаа явуулж, буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж, иргэдийг төөрөгдөлд оруулдгийг хуулиар хориглож байгаа. Хэрвээ энэ заалтыг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэхээр төсөлд заалт тусгаж өгсөн” гэлээ.
Мөн төсөлд тусгаснаар Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ үйлчилгээ үзүүлэх аж. Энэ хүрээнд гишүүдийнхээ хадгаламжийг татан төвлөрүүлэх, түүнийгээ гишүүддээ тодорхой хугацаагаар зээлүүлэх эрх үүрэг хүлээж байна.
Учир нь 2005-2006 онд хадгаламж зээлийн хоршоод олноор байгуулагдаж, улмаар иргэдийн мөнгийг өндөр хүүтэйгээр хадгална гэсэн зар цацаж байснаас түүнд нь хууртан олон мянган иргэн хохирсон. Одоо ч энэ хохирлыг бүрэн барагдуулж дуусаагүй байгаа аж. Тиймээс төсөлд дээрх заалтуудыг тусгаж өгчээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 179 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буйгаас 100 орчим нь орон нутагт харьяалалтай бол 70 гаруй нь нийслэлд байдаг аж. Хадгаламж зээлийн хоршоод олноороо байгуулагдаж байсан үед энэ тоо 500 гарч байсан бол Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдаж, тэдгээрийг эмх цэгцэнд оруулах зорилгоор шаардлага хангахгүй хоршооны үйл ажиллагааг хаах хүртэл шийдвэр гаргаснаар энэ тоо 179 болтлоо буурчээ.
Мөн хуралдаанаар Компанийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдох төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.