Сүүлийн үед олны анхаарлыг татсан сэдэв болсон “Мүүн”-ий шашны урсгалын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтууд “Мүүн”-ий урсгалыг Христийн шашинтай холбон тайлбарлах болжээ.
Тиймээс өнөөдөр Монголын пастор ахлагчдын холбоо, эвангелийн эвслээс Мүүнизм, Христийн шашин хоёр хамааралгүй ялгаатай шашны урсгал гэж мэдэгдлээ. Мөн зарим цахим хуудас, фэйсбүүк твиттерээр цацагдсан, тавигдсан зургууд дээрх хүмүүс христ, мүүний шашинтай гэж шууд ойлгож болохгүй. Тухайлбал одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын шашны асуудал хариуцсан зөвлөхийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тохиодог Христийн баярынхаа өглөөний цуглаанд урилгаар оролцуулсан байдаг. Гэтэл гурван жилийн өмнөх зургийг одоо гаргаж ирээд, зурагт багтсан хүмүүсийг мүүн, христийн шашинтай гэж ташаа мэдээлэл тараажээ. Иймээс Монгол дахь пасторын холбооноос дээрх ташаа мэдээлэлд залруулга хийж, албан ёсны зөвшөөрөлтэй 500 орчим Христийн шашны сүм, чуулган үйл ажиллагаагаа явуулдаг гэж мэдээллээ.
Д.ЖАГАР
Зургийг Н.БАТМӨНХ