Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэрээр өнгөт чулуу олборлохыг хориглосон байна. Учир нь Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумдын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар өнгөт чулууг олборлож эхэлсэн байна. Ингэхдээ нууцаар хил давуулан худалдаалж байгаа нь хууль хяналтын байгууллагаар тогтоогджээ. Тиймээс аймгийн ИТХ-ын 16-р хуралдаанаар хэлэлцэн байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. “Хэрвээ хориглохгүй бол газар болон түүний хэвлийг сүйтгэх, түүнчлэн газрын гүн рүү ухаж чулууг олборлож байгаа нь малын бэлчээрийг талхлахаас эхлээд байгаль орчныг сүйтгэх маш их сөрөг үр дагавартай” гэж аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүгнэжээ. Мөн өнгөт чулууг хууль бусаар олборлож, худалдаж, худалдан авч, хадгалж, тээвэрлэж байгаа иргэдийг мэдээлсэн иргэнийг ГХУСАЗСЗ-өөс гаргасан журмын дагуу урамшуулах аж.
Л.ХАЛИУ