С.Пүрэв: Серверийг өргөтгөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

С.Пүрэв: Серверийг өргөтгөнө

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвээс дараах тодруулгыг хийлээ.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэн найман сар орчмын хугацаанд урьдчилсан байдлаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил боллоо. Энэ юуг илэрхийлж байна вэ. Төр ажлаа хийж чаддаггүй юм байна гэж ойлгож болох уу?

-Төр авах ёстой татвараа бүрэн авч чадахгүй байна гэсэн үг. Урьдчилсан байдлаар 34 их наяд төгрөгийн орлого ил болж, чөлөөлөгдсөн татвар нь 8 их наяд болсон нь ДНБ-ээсээ илүү гарсан орлогыг цөөхөн жилийн хугацаанд хурааж авч чадаагүйг харуулж байгаа. Дүн бүрэн гарсны дараа тодруулах тоо их бий.

-НӨАТ-ын орлого өссөн гэх мэдээлэл бий. Хэр бодитой вэ?

-2016 оны нэгдүгээр сарын НӨАТ-ын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин их гарсан. Нэг, хоёрдугаар сард бага гүйцэтгэл гардаг боловч, эцсийн хэрэглээнээс авсан НӨАТ-ын орлого өссөн. Энэ бол бодлого зөв байгаагийн илрэл. НӨАТ-ын орлогыг та бүхэн мэднэ. Ихэнх нь эцсийн хэрэглээний татвар. Иргэдийн төлсөн НӨАТ-ыг аж ахуйн нэгжүүд,  үйлчилгээний газрууд улсын төсөвт төлдөггүй байсныг одоогийн шинэ систем илэрхийлж байгаа. Хэрэглээний татварын хоёр хувийг иргэдэд буцаан олгох системийг нэвтрүүлэхээр энэ бүхэн ил болж, таатай мэдээлэл дагуулж байгаа ч хүндрэлтэй асуудал мөн гарч байна. Зарим нь янз бүрийн шалтгаан хэлж байгаа. Сүлжээ тасарч байна гэдэг, кассын машин үнэтэй байна гэдэг. Энэ бүхнийг Сангийн яам, Татвар, Гаалийн ерөнхий газар шийдсэн. Сүлжээ тасарсан юм байхгүй.

-Буцаан олголтын баримтаа иргэд ebarimt-д шивэхээр хүлээж авахгүй, эс бол алдаа заагаад бүртгүүлж чадахгүй байгаа. Юунаас болж ийм алдаа гараад байгаа юм бол?

-Нөгөө байгууллага та бүхний мэдээллийг ирүүлэх ёстой хугацаандаа өгөхгүй байгаагаас ийм алдаа гарч байгаа. Гурав хоногийн дотор багтаан мэдээллийг ирүүлэх ёстой юм. Түүнээс болж баталгаажихгүй байгаа.

-Зарим дэлгүүр баримтаа өгөхгүй байна?

-Иргэдийг хохироож болохгүй. Иргэд ч баримтаа нэхэж авах ёстой. Үүгээрээ хэд хэдэн юмыг илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт, төрдөө хэрэглээний татвараа төлсөн гэдгийг хэлж энийг та бүхэн олоод аваарай гэдгээ мэдэгдэж байгаа. Энэ утгаараа төр иргэдийг урамшуулж, хонжворт сугалаа явуулж байгаа юм. Улсын төсвөөс тусгайлан зарлага болгон гаргаж зарцуулж байгаа.

-Зарим том аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл баримтаа өгөхгүй байна. Хоёрдугаар сар дуусах гэж байхад нэгдүгээр сарынхыг өгөөгүй. Торгож болдоггүй юм уу?

-Нэг сард өгсөн баримтыг хоёр сардаа тайлагнана. Хоёр сарын 20-нд тайлагнаж дуусдаг. Үүний дараа хариуцлагын асуудал хөндөгдөнө.

Хуулиар тодорхой заасан. Аж ахуйн нэгж НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй бол нийт орлогынх нь 2 хувиар торгох. Буруу баримтууд оруулж илгээсэн байвал 20 хувиар торгох гэх мэт заалтууд бий.

-Програмд алдаа гарлаа гээд байх юм. Үүнийг Татварын газраас нэгдсэн байдлаар шийдээд өгч болоогүй юм уу?

ebarimt-ын програмыг үнэгүй тарааж өгсөн. Харин кассын машин нийлүүлсэн 17 байгууллага прогамыг суулгаж өгөхдөө аж ахуйн нэгжүүдээс төлбөр нэхдэг. Програмыг өөрчилхөд 1-2 сая төгрөг өгөх ёстой гэж шаарддаг. Төр хийсэн бол ийм асуудал үүсэхээргүй байсан. Гэхдээ төр энэ асуудал руу оролцохоор хувийн бизнес рүү орсон болох гээд байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас ebarimt зохиогоод интернэтээр ороод бүртгүүлчих гэсэн. Гэтэл ачаалал бидний тооцоолж байснаас 5-6 дахин өссөн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд серверийг өргөтгөх, нөөц байгуулах шийдвэр гаргасан.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж