Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Улсаа хорлогчид

Өнгөрсөн оны “Сант Марал”-ын  судалгаанд улстөрчдийн зүүний магнайг С.Ганбаатар, барууны магнайг Н.Энхбаяр тэргүүлсэн.  Харин   26 жил ээлжилж  төр барьж ирсэн АН, МАН-ын дарга нар айргийн тавд ч багтаагүй юм. Жагсаалтын гуравдугаарт, Ц.Нямдорж, дөрөвдүгээрт, Г.Уянга, тавд Х.Баттулга орсон байдаг. Айргийн тавд багтсан топ улстөрчдийн хэв шинжийг харахад бүгдээрээ “шударга”, “эх оронч”-ийн имижтэй. Гэвч үг, үйлдэл болгон нь Монголын эдийн засагт хортойгоор тусч байгаа Г.Уянга, С.Ганбаатараас илүүтэйгээр энэ улсыг хорлон сүйтгэж байгаа хүмүүс нь АН, МАН-ынхан гэхэд буруудахгүй ч биз. Учир нь Монголын бүх  хууль, тогтоомж  төрийн бүх бодлого шийдвэр энэ хоёр намын тохиролцоо, тохилцооноос хамаарч байна.

ХҮН-ын дарга С.Ганбаатарын 26.9 хувийн  “хувийн” рейнтиг эрх барьж байгаа  намын дарга, спикер З.Энхболдоос бараг найм дахин, Н.Энхбаярын “хувийн” рейтинг М.Энхболдынхоос тав дахин илүү байна. Эндээс харахад парламентад суудалтай хоёр том намын дарга Энхболдуудын хувийн рейтинг дээр нь намынх нь рейтингийг  нэмээд ч ядахнаа айрагдаж чадахгүй байгаа нь амьдрал доройтсон, эдийн засаг уруудсан, улс орон хямарсны гол буруутан нь АН, МАН гэж ард түмэн үзэж буйн нэг илрэл. Нөгөө талаар энэ олон жил эрх барьсан Энхболдуудын намд итгэх иргэдийн итгэл суларчээ гэсэн үг.

АН, МАН-ын ашиг хонжоо, бүлэглэлүүдийнх нь хэрүүл, талцалын дэргэд С.Ганбаатар, Г.Уянга нарын улстөржилт ядаж л улс орондоо учруулах хор хөнөөл нь "жижигхэн" юм даа.

АН, МАН-ын аль нэгд, эсвэл хоёуланд нь ашиггүй л бол эдийн засаг сүйрэх, улс орон дампуурах хамаа ч үгүй. Ийм л зарчмаар явж, энэ өнцгөөс улс төр хийж ирсэн Ардчилсан нам болоод Ардын намын дарга нарын рейтинг 10 хувьд ч хүрч чадахгүй байгаа юм.

Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д дөрвөн ч удаа өргөн барьсан. УИХ уг тогтоолын төслийг гурван удаа “төрхөмд” нь буцааж, дөрөв дэх удаагаа АН-ынхан МАН-тай Сонгуулийн хууль дээр том тохиролцоо хийснээр энэ төсөл парламентын босгыг давсан хэрэг. Энэ бол АН,МАН-ын дунд хийгдсэн ашигтай тохиролцоонуудынх нь нэг л жишээ.

Оюутолгойн гэрээг Дубайд очиж зурлаа хэмээн буруутгасан нь Г.Уянга боловч,  үнэндээ энэ асуудлыг улстөржүүлж Ч.Сайханбилэгийг сандал, суудлаас нь салгахыг санаархсан нь МАН-ынхан шүү дээ. Тэдний тоглолтоос болоод Засгийн газрын бонд гаргах асуудал хойшлогдож, хүү нь наймаас 13 хувь болтлоо өссөн. Төсвийнхөө цоорхойг бондын мөнгөөр нөхөх гэсэн Ч.Сайханбилэгийн төлөвлөгөөг нурааснаараа МАН-ынхан юу хожив. Монгол юуг алдав? Өнөөдөр дотоодын зах зээлд доллар 2040 төгрөг давчихаад байна даг.

Эрх баригчид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөдөлж, Гацууртын ордоос алт олборлоод эхэлбэл, амьдрал сайхан болно гэж мөрөөдөцгөөж байна. Харин нөгөө талд ганц Оюутолгой эдийн засгийг хямралаас гаргахгүй гэж эдийн засагчид ярьж байгаа.

МАН-ын хувьд Оюутолгойн гэрээг муулчлах, АН-ынхан Тавантолгойг гацаах тактик барьж буй. Аль, аль нь Монголын эдийн засагт нэн чухал мега төслүүд. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монголын эдийн засагт эхний ээлжинд 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх санхүүжилтийн гэрээг үзэглэсэн.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоог М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн гаргаж, хөрөнгө оруулагчидтай ч тохирч чадсан. Гэвч Л.Эрдэнэчимэг болон эрх баригч намын фракциудын оролцоотойгоор энэ төсөл хэзээ хөдлөх нь тодорхойгүй болчихлоо. Төсөл гацсантай холбоотойгоор  төмөр замтай болох Монголын зорилго бүр "будаа".

Монгол Улс нүүрсний буюу экспортын төмөр замтай болох асуудлыг аль 2008 онд хөндөж, тухайн үед Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх экспортын төмөр замыг “Энержи pесурс” компани Концессийн гэрээгээр Германы “Дойче” банктай хамтран барьж, 19 жилийн дараа төрд 51 хувийг нь эгүүлэн өгөхөөр яригдаж байсан билээ. Гэвч харамсалтай нь “Чингис” бондоос 200 сая долларын санхүүжилт авсан Гашуунсухайтын төмөр зам дээр дахин 1.3 тэрбум долларын зээл Хятадын Экспорт-Импортын банкнаас авах тухай шивэр, авир хийгдэж байна. Хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө  хөрөнгөөр төмөр зам барьж, нүүрсийг чинь баяжуулаад өгье гээд гуйгаад байхад “Үгүй” гэх мөртлөө өндөр хүүтэй зээлээр төмөр замаа бариулахаар ярьж байгаа цаад шалтгаан нь чухам хэнд ашигтай вэ гэх асуулт.  Энэхүү "цаад" зорилгоос болоод өнөөдөр Монгол төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй сууж байна.

Төмөр замын төслийг Хятадын банк санхүүжүүлэх үү?

Санхүүжилтгүйн улмаас бүтээн байгуулалт нь гацаад байгаа Гашуунсухайтын төмөр замын төсөлд Хятадын “Exim” /Экспорт-Итпорт/ банкнаас 1.3 тэрбум долларыг өгөхөөр болсон гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ бол  “Монголын төмөр зам” компани төслийг санхүүжүүлэхээр Хятадын “Exim” банкны төлөөлөгчдтэй уулзаж, 1.3 тэрбум долларын зээл авах хүсэлтээ л илэрхийлсэн төдий.

Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчлал хийхдээ нэг тэрбум долларыг Хятадын “Экпорт-Импорт”-ын банкнаас авахаар тохиролцсон. Улсын тэргүүний хэмжээнд ярьж шийдсэн нэг тэрбум долларын зээл бол Монголд өгч байгаа Хятадын зээлийн хамгийн том тоо нь гэж ойлгох хэрэгтэй. Энэ зээлийг Монгол Засгийн газар Эгийн голын төсөлд зарцуулахаар шийдээд буй. Үүний 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг Хятадын “Exim” банк гаргана. Гэхдээ нэг зүйлийг сануулахад “Монголд нэг тэрбум долларын зээл олго” гэж хэдийгээр улс төрийнх нь шийдвэр  гарсан ч Хятадын “Exim” банк төслийг ашигтай эсэхийг өөрийнхөө шаардлагын хүрээнд судалж таараа. Тус улсын банк санхүүгийн байгууллагууд нь дэлхийн стандартын төвшинд очсон, тиймээс улстөрийн шийдвэр нь гарсан ч эрсдэлтэй төсөлд  "Үгүй" гэх эрх  “Exim” банкинд бий. Тэгээд ч нүүрсгүй, төмөр замын “шалдан” төсөл ашигтай байна гэж хэзээ ч байдаггүй. Дан ганц төмөр замын төслийг санхүүжүүлэх нь хятадуудад ашиггүй учраас Хятадын банк Гашуунсухайтын төмөр замд 1.3 тэрбум долларын зээл олгоно гэдэг үлгэр. Ийм үлгэрт зөвхөн хүүхдүүд л хууртагддаг шүү дээ.

Эндээс үзвэл Гашуунсухайтын төмөр замын төсөл дээр 1.3 тэрбум долларын зээл авахаар Хятадын “Exim” банкинд тавьсан “МТЗ”-ын хүсэлт бүтэх магадлал  нэг хувь. Яагаад гэвэл нэгд, нүүрсгүй дан ганц төмөр замын төсөл  ашиггүй. Хоёрт, Country risk өндөр учир Засгийн газрын баталгаа баталгаа болж чадахгүй.

Төмөр замын төсөл байтугай “Exim” банкнаас Эгийн голын төслийг санхүүжүүлэх нь эргэлзээтэй байгаа нөхцөлд шүү дээ.

Тавантолгойн нүүрсээ эргэлтэд оруулж, экспортын төмөр замтай больё гэвэл Монгол Улс хөрөнгө оруулагчидтай л хамтрахаас өөр сонголтгүй. Харамсалтай нь, "Женко","MCS" хоёрын “зодоон”-оос үүдэлтэйгээр Тавантолгой гэх газрын доороо долоон тэрбум коксжих нүүрсний орд  Хятадын том зах зээлийн хажууханд хэрнээ үнэгүйдэхэд хүрлээ. Үүнээс болж улсын орлого тасарч, эдийн засаг бүхэлдээ хэвтрийн байдалд орлоо.

Үнэндээ АН, МАН-ын ашиг хонжоо хайсан бүлэглэлүүдийнх нь хэрүүл, талцалын дэргэд С.Ганбаатар, Г.Уянга нарын улстөржилт ядаж л улс орондоо учруулах хор хөнөөл нь "жижигхэн" юм даа. С.Ганбаатар, Г.Уянга нар аль ч улсад байдаг л "поп" хэв шинжит улстөрчид. Харин бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид нь хэн билээ?

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж