Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний 11 дугаар уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ. Тэгвэл бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр ирсэн Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын АСЕМ-ын асуудал хариуцсан Ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог гэдгийг дурдсан юм. Мөн М.Мэтиссэн “Монгол Улс АСЕМ-ын бэлтгэл ажлаа сайн хангаж байна” хэмээн онцлон мэдээлсэн юм. Ингээд энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-Монгол Улс АСЕМ-ын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ. Юун дээр анхаарах шаардлагатай гэж та үзэж байгаа вэ?
-АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулна гэдэг зөвхөн Монгол гэлтгүй ямар ч улсын хувьд томоохон сорилт юм. Монгол Улсын хувьд бэлтгэл ажлыг сайн хангаж байна. Монгол Улсын Засгийн газар олон улсын бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын бага хурлуудыг зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс бид АСЕМ-ыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Европын холбооны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлье.
-АСЕМ-ыг зохион байгуулагч оронд ямар ач холбогдол, онцлог, давуу талтай байдаг вэ. Тодорхой жишээн дээр ярьж өгч болох уу?
-АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хоёр жил тутамд Ази, Европын оронд ээлжлэн зохион байгуулдаг. Дөрвөн жилийн өмнө Лаосын нийслэл Вьентьян хотод, 2015 онд Италийн Миланд зохион байгуулсан. Энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. АСЕМ нь зөвхөн удирдагчдын уулзалт төдийгүй олон түвшинд зохион байгуулагддаг. Тухайлбал, сангийн сайд, гадаад хэргийн сайд, боловсролын сайд, соёлын сайд нарын уулзалтыг зохион байгуулдаг. АСЕМ нь нарийн бичгийн газаргүй учраас хурлыг зохион байгуулж буй улсуудад томоохон сорилт болдог. Хурал зохион байгуулагч орнууд хоорондын хамтын ажиллагаа ч мөн чухал байдаг.
Өнгөрсөн оны хувьд дээд түвшний уулзалтыг зохион байгуулаагүй. Харин сайд нарын түвшний дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулсан. Эдгээр уулзалтын үеэр гаргасан мэдэгдэл нь энэ онд зохион байгуулах дээд түвшний уулзалтуудтай уялдаж байгаа юм гэв.
Долдугаар сард болох АСЕМ-ын уулзалтыг угтсан есөн арга хэмжээг зохион байгуулах билээ. эхний уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 21, 22-нд Парламентын уулзалт болно. Үүнд Ази, Европын холбооны парламентын удирдагч, гишүүд уулзах юм. Харин түүний дараа зургадугаар сарын дундуур Сангийн сайд нарын уулзалт болно. Цаашлаад сар бүр АСЕМ-ыг угтсан уулзалтыг зохион байгуулна. Тэгвэл энэ үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалангаас ирэх дөрөвдүгээр сард болох Парламентын уулзалтын талаар тодруулахад “Дөрөвдүгээр сарын 21, 22-нд АСЕМ-ын Парламентын түншлэлийн хурал болно. Энэ нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнөх томоохон арга хэмжээ юм. АСЕМ-ын бүх гишүүн орон, түншүүдэд урилга хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 20 орчим улс оролцоно гэсэн хариу ирүүлсэн. Тэр дундаас нэлээн хэдэн орны парламентын дарга буюу спикер оролцоно гэж хариугаа ирүүлээд байна. Бусад орнуудын хувьд удахгүй хариугаа ирүүлэх болов уу” гэлээ.
Б.ЗАЯА