Дэлхий нийтийг дүрвэгсдийн хөл доргиож байна. Европын олон орон дүрвэгсдийн асуудлаас болж хямарч, зарим нь энэ онд дүрвэгсэд хүлээн авахаас татгалзав. Гэвч дүрвэгсэд сая саяараа нэмэгдсээр. Ванга эмээ ч 2016 онд Европын орнууд дүрвэгсдээс болж хямарна гэдгийг эртнээс зөгнөсөн байдаг. Тэгвэл энэ аюул биднээс, манай улсаас хол байж чадах уу гэдэг нь түгшүүр төрүүлж эхэлжээ. Зарим уншигчид маань энэ тухай хөндөн асуусан юм. Тиймээс бид дүрвэгсэд Монголыг сонговол яах вэ гэсэн асуултын хариуг хүргэж байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдэгдсэнээр шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүний тоо энэ жил 60 саяас давах бөгөөд энэ нь хамгийн дээд үзүүлэлт болох ажээ. Энэ байдал нь тэсвэр тэвчээр, энэрэл нигүүлсэл, эв нэгдлийг хүн төрөлхтнөөс шаардаж байна гэж НҮБ-ын Дээд комиссар Антонио Гутьеррес мэдэгдсэн байна. Энэ нь ялангуяа өдөр бүр мянга мянган дүрвэгч ирж байгаа Европт хамаатай гэж тэрбээр хэлжээ. Зөвхөн Сири улсаас л гэхэд 4.2 сая гаруй хүн эх орноо орхин бусад улс амь дүйн зугтжээ.
Дүрвэгсдийн асуудал энэ цаг үед тулгамдаад байгаа хэрэг биш бөгөөд урьд өмнө нь ч Азийн орнуудаас дүрвэгсэд олон байжээ. Дэлхийн II дайны дараа дүрвэгсдийн асуудал онцгой хүндэрч, 1950 онд НҮБ дэргэдээ Дүрвэгсдийн дээд комиссарын газрыг байгуулсан түүхтэй юм байна. Дүрвэгсдийн асуудалд дэлхийн нийт хэрхэн анхаарч ирсэн хийгээд манай улсын хувьд дүрвэгсдийн хувьд дүрвэгсдийн талаар ямар байр суурь баримталдгийг доктор, профессор, хурандаа Ц.Ганболд дараах байдлаар тайлбарлаж байна.
Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцийг НҮБ 1951 онд баталсан бөгөөд энэ конвенцид дэлхийн 120 гаруй улс нэгдээд байна. Манай улс энэ конвенцид одоогоор нэгдээгүй. Ер нь Азийн орнуудаас нэгдэж орсон улс орон цөөхөн байдаг ажээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-р зүйлд:
3.1.2.3 Гадны дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна.
3.1.3.5. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшинг хадгалж, бүртгэл, мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
3.2.1.9. Дотооддоо хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байдаг ажээ.
Манай улсын хувьд гадны дүрвэгсэд, цагаачдыг хүлээн авч суурьшуулж байсан туршлагагүй. Дүрвэгсдийн асуудал, аюулаас хол хөндий байсан улс бөгөөд хязгаар нутгаасаа төв рүүгээ шилжин суурьшиж буй дотоодын шилжилт хөдөлгөөнөө ч олигтойхон зохицуулж амжаагүй өнөөдрийг хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Хятадын зүүн хойд мужид байрладаг Хойд Солонгосын дүрвэгсдийн лагериас ганц нэг удаа Солонгосын иргэд хил зөрчин орж ирснийг эс тооцвол дүрвэгсэд гэдгийг монголчууд мэдэхгүй. Хэдий өргөн газар нутагтай ч асар цөөн хүн амтай манай улсын хувьд дүрвэгсдийг хүлээн авах ямар ч боломжгүй гэдэгт олон нийт ч санал нэгддэг.
1951 оны Конвенци ёсоор бол дүрвэгсдийг анхан шатны боловсрол эзэмших, хөдөлмөрийн хөлс авах зэрэг зарим эрхийн хувьд өөрсдийн иргэдтэй адилтгаж үзэхээр заасан байдаг аж. Улсын хил нэвтрэн гарахад зориулан тэдэнд зорчин явах үнэмлэх бичиг баримт олгохын дээр конвенцид оролцогч гүрнүүд дүрвэгсдийг эх оронд нь буцааж болохгүй, харин тэд нарыг нутагтаа шингээн ижилсэх, харъяат иргэн болох бололцоог олгох үүрэг хүлээдэг ажээ. Энэ мэт олон нөхцөл байдлуудыг тооцон үзээд Монгол Улс НҮБ-ын 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид нэгдэн орох асуудалд нухацтай хандсаар ирсэн байна. Тиймээс одоохондоо бидэнд дүрвэгсдээс айн ширвээтэх нь илүүц ажээ.
Д.ЦЭЭПИЛ