“Алим”-д итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

“Алим”-д итгэж болох уу?

Хэрэв уншигч та интернет орчноос мэдээллээ авдаг бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн шуугиж буй Apple болон АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хооронд өрнөж буй нэгэн маргааны талаар сонссон биз. Гэвч яг юу болж буй талаар бүрэн мэдээлэлгүй бол анхаарлаа хандуулна уу. Учир нь энэ бол хувийн мэдээлэл, хувийн нууцтай хувь хүн бүрт хамаатай асуудал билээ.

2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Калифорни Мужийн СанБернардино хотод Исламын Улс бүлэглэлийн гишүүд хэмээн сэжиглэгдэж буй гэр бүлийн хос гал нээсэн явдал болж, үүний уршгаар 14 хүн амь насаа алдсан харамсалтай хэргээс уг маргаан үүдэлтэй ажээ.

Тийнхүү уг хэргийн шүүх хурлын шийдвэрээр Apple компанийг ХМТ-д туслах зорилгоор уг хэргийг үйлдэгч болох Сиед Фароокийн хэрэглэж байсан гар утас болох iPhone5c загварын утасны нууцлалын системд өөрчлөлт хийхийг шаардсан байна.

Гэмт хэрэгтнүүдийн холбоотон болоод бүлэглэлийн хамтрагчид, цаашлаад терроризмын эсрэг арга хэмжээ авахыг хүссэн цагдаа нарт хэрэгтний утасны цоожийг гаргахад шаардагдах энгийн 4 оронтой цифр бүхий нууц код шаардлагатай болсон байна. Хэдийгээр компаний утсууд хурууны хээ мэдэрч цоож тайлагдах боломжтой боловч, 5с загвараас хойшхи утаснуудад энэ шинэчлэл суусан байдаг юм.

iPhone утасны нэгэн чухал тохиргоо байдаг нь хэрэв таны утас танаас өөр хэн нэгний гарт орсон тохиолдолд, эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас энэхүү цоожийг тайлах нууц кодыг 10 удаа дараалан буруу оруулсан тохиолдолд утсан дээрхи бүх мэдээллүүд автоматаар арчигдах гэсэн сонголт байдаг явдал юм. Тэгвэл ХМТ-ны үзэж буйгаар Сиед Фароокийн утасны энэ горим нь асаалттай байгаа гэнэ. Тиймээс тэдний зүгээс тавьсан ганц шаардлага бол энэхүү нууц дугаарыг хэдэн ч удаа хамаагүй буруу оруулж болох программыг зохиож өгөх эсвэл ижил төрлийн өөр арга замаар шийдвэрлэх болжээ. 4 оронтой тоог олъё гэвэл нийт 10000 удаагийн хувилбар л байгаа учир ямар ч байсан утас руу нэвтэрч чадах нь бүрэн боломжтой болно.

Гэвч Apple-ийн зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэн хүлээж авсан юм.

Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күүкийн мэдэгдэлд “Засгийн Газар биднийг өөрсдийн хэрэглэгчдээ хакердаж, бидний арваад жилийн туршид шинэчлэн сайжруулж ирсэн хамгаалалтын системийн үнэлэмжийг унагаах сонголт хийлгэхийг хүслээ. Хэрэв бид энэ хүслийг гүйцэлдүүлвэл зөвхөн АНУ-д л гэхэд 10 сая гаруй тооны хүн мэргэжлийн хакерууд болон цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлд орж болзошгүй нөхцөл үүснэ” гэжээ.

Хамгаалалтын технологич Брьюс Шнейерийн Вашингтон Пост сонинд онцолсноор бол “ХМТ шиг ийм их эрх мэдэл төсөв бүхий байгууллагын хувьд өөрсдөө хөрөнгө гаргаад энэ төрлийн программыг бичүүлэхэд ядах зүйл байхгүй. Хүмүүсийг итгүүлэх ямар ч шалтгаан байлаа гэсэн дэлхий даяар иймэрхүү хакердах программыг чадварлаг байгууллагууд хийж л байдаг шүү дээ” гэсэн байна.

Энэ мэт байр суурь илэрхийлэгдсэний хариу болгож өнгөрсөн ням гаригт ХМТ-ны дарга Жеймс Комей ч мөн адил хэвлэл мэдээллүүдээр “Энэ бол хохирогчид болоод шударга ёсны төлөө хийж буй ажил юм. 14 хүний амь нас сүйдэж, түүнээс ч олон хүн бие сэтгэлийн зовлонг туулж байна” гэх зэргээр тодруулгуудыг өгсөөр л байгаа юм.

Даваа гаригийн өглөө Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк компанийхаа нийт албан хаагчиддаа “Энэ хэрэг бол энгийн нэгэн гар утас аль эсвэл мөрдөн байцаалттай холбоотой хэрэг биш. Засгийн газрын энэхүү үйлдэл нь иргэний эрх чөлөөг заналхийлсэн аюултай алхам болж буй-г сануулсан и-мейлийг илгээжээ.

Pew Research байгууллагын олон нийт дунд явуулсан судалгааны дүнгээр судалгаанд хамрагдагсдын 51% нь Apple ХМТ-д туслах ёстой гэж үзсэн бол 38% нь Apple-ийн талд орж, үлдсэн 11% нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.

Хэрэв Apple шийдвэрийн дагуу программыг бичиж өгвөл зөвхөн Сиед Фароокийн ч биш бусад бүх гар утас таблет зэрэг төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэврэг болж хувирах талтай. Мөн түүнээс гадна, энэ хэргээр далимдуулан дэлхийн бусад орнуудын Засгийн Газрын зүгээс ижил шаардлага тавьбал хэрхэх вэ гэдгээс компани ихээхэн сэрэмжилж байгаа юм. Тиймээс шаардлагатай бол Apple Засгийн Газар болон Дээд Шүүхийн шийдвэрийн эсрэг зогсохоос өөр аргагүй. Учир нь бүх утас нэг л ижил програмаар ажиллаж буй ийм үед тэрхүү программыг бичиж өгвөл дэлхийн хамгийн том мастер түлхүүр бүтээгдлээ гэсэнтэй ч дүйцүүлж болохоор байдал үүсэх билээ.

Мэдээж тэдний энэхүү байр суурь ХМТ-ны эгдүүцлийг ихээр хүргэсэн нь тодорхой боловч ХМТ-ны зүгээс “Технологи бол цаашаа хөгжиж өөрчлөгдөх бүрэн боломжтой салбар учир бидний хүсээд буй зүйлийн хэмжээ хязгаарлагдмал байх болно. Бид өөр хэний ч мэдээлэлд нэвтэрч, тэрхүү мастер түлхүүрийг нь гадагш алдах зүйл огтхон ч болохгүй” хэмээн мэдээллэв.


Хэрэг явдал Тим Күүкийн үзэж буйгаар үнэхээр нэг утас болон мөрдөн байцаалтаас давсан зүйлтэй холбоотой гэж үү?

Энэхүү хэрэг мандахаас өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Цагаан Ордны төрийн албаны дарга Денис МкДоноу болон Ерөнхий Шүүгч Лоретта Лийнч болон ХМТ-ны дарга Жеймс Комей  тэргүүтэй эрхмүүд ноён Тим Күүктэй уулзалдаж, терроризмын эсрэг Silicon Valley-ийн зүгээс Вашингтонтой хэрхэн хамтран ажиллах ёстой талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм.

Одоо ноён Тим Күүк болон Жеймс Комей нар улсаа талцуулсан томоохон маргааны хоёр тал болж хувираад байна.

Silicon Valley ямар байр суурьтай байна вэ?

Ямартай ч энэ хэрэг дээр Билл Гейтс өөрийн санаа бодлоо хамгийн эхэнд хэлж, технологийн компаниуд терроризмын эсрэг үйл ажиллагаанд хууль хүчний байгууллагатай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн утга бүхий ярилцлагуудыг Bloomberg болон Financial Times зэрэг телевиз мэдээллийн хэрэгслүүдэд өгж буй юм. Гэхдээ хэрвээ Засгийн Газар Сиед Фароокийн компьютер дэх мэдээллийг ухах шаардлага тавьсан бол тийм ч дуртайяа өгөх эсэх нь юу л бол. Энд дэлхийн олон үндэстэн дамнасан томоохон бүтээлүүдийн хэрэглэгчид өөрсдийн сонгосон бүтээгдэхүүндээ тавих итгэлцлийн асуудал, цаашлаад хэрэглэгчдийн тоонд огцом өөрчлөлт оруулж, компанийн нэр хүнд хувь заяанд ч нөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Билл Гейтстэй ижил саналтай байгаа хүмүүсийн тоонд Фэйсбүүкийн Марк Цукерберг, Твиттерийн үндэслэгч Жак Дорси, Гүүглийн захирал Сундар Пичай нар нэмэгдээд байгаа юм. Энэхүү маргааны талаар Эдуард Сноуден хүртэл байр сууриа илэхийлсэн бөгөөд түүний тодорхойлсноор энэхүү асуудал нь “Сүүлийн арван жилд байгаагүй хамгийн том технологийн маргаан” гэжээ.

Энэхүү асуудалтай холбоотой хурцаар санал бодлоо илэрхийлж буй хуульч болох Нэйт Кардозо бас нэгэн сонирхолтой тайлбар хийж буй нь “ХМТ энэхүү хэргийг маш болгоомжтойгоор сонгож авчээ. Энэ бол Ерөнхийлөгч Барак Обама, Конгрессийн зүгээс хэрэглэгчдийн мэдээлэлд нөхөрсөг замаар хүрэх “нууц хаалга” байхгүй үед зарга үүсгэх төгс сонголт” хэмээн харж байгаа аж.

Нэгэнт АНУ-д бүртгэлтэй, АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Apple компаний хувьд улсынхаа шаардлагыг биелүүлвэл хохирогчдын тоо зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй нөхцөл байдал үүсээд буй ийм хүнд нөхцөлд ямар ч сонголт хийсэн буруудаж магадгүй болоод байгаа юм. Түүнээс гадна хэрэв эцсээ хүртэл байр сууриа хадгалж чадвал сая сая хэрэглэгчдийн тэдэнд үзүүлэх итгэл асар ихээр өсөх билээ. Тэгээд ч нэг ч хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг аль нэгэн улсад алдахыг зөвшөөрнө гэсэн утгатай гэрээ хийгээгүйн дээр хамгаалалтын дэвшилтэт шийдлүүд нь Apple компаний имижийг илэрхийлэх нэг чухал зүйл анхнаасаа байсан юм. 

Ямар ч улс орон доторхи асуудлаа шийдвэрлэхдээ дотоодын компаний мэдээлэлд гар хүрэх эрхтэй боловч энэ удаагийн хэрэг нь олон улсад хамаатай хэрэг болж буйгаараа ийнхүү өргөн хүрээг хамраад байна. Хэн ч хэн нэгэн террористээс болж өөрийн банкны картын мэдээлэл, хэнтэй юу гэж харилцсанаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй.

Ухаалаг технологийн аюулгүй байдлыг шүүмжлэх үед миний юуг нь тагнах вэ дээ гэж бодож явсан үе надад бий ч энэ удаагийн тохиолдол бол өнгөрсөн хугацаанд юугаа ч алдаагүйдээ найдах итгэлийг нэмэгдүүлж, харин цаашид алдчих вий гэсэн зовнилыг үүсгээд байна.

Нөгөө талаас дэлхийн тэргүүлэгч орны хувьд нэг компаниас албан шаардлага нэрийн дор технологийн гуйлга гуйж буй мэт оролдлого нь тэднийг мэдээллийн технологийн тал дээр чадамж муутай мэтээр харагдуулж байгаа бөгөөд, хэрэв тэд өөрсдөө энэ асуудлаа зохицуулж чадахгүй юм бол үргэлж л АНУ биднийг хакердлаа хэмээн шуугиан дэгдээж байдаг Хойд Солонгос Хятад гэх мэт улсууд АНУ-ын Засгийн газраас бус Apple компаний халдлагад өртөхөөс эмээж явсан нь илүү үнэмшилтэй мэт.  

Манай улсын хувьд үүрэн холбооны компаниуд нэг хүний мэдээллийг гэрлэлтийн баталгааг нь үндэслэн нөгөө хүнийх нь хэрэглээний талаарх гэх мэт мэдээллийг нь өгдөг байсан боловч гэр бүлийн маргаан дэгдээх хандлагатай байсан учир больсон гэлцдэг билээ. Ямартай ч одоо эхнэр нь нөхрийнхөө нэр дээрхи дугаарыг барьдаг бол гэрлэлтийн баталгаагаа үзүүлээд ч тэр дугаартай холбоотой үйлчилгээ авах эрхгүй байдаг нь сайшаалтай хэрэг юм. Гэхдээ саар зүйлсүүд ч мөн адил бас бий. Жишээ нь иргэн А хувийн зүгээс иргэн Б-д өс санасан бол хариугаа авах гэж хорооны ажилтан луу нь ороод аяга цай хувааж ууж байх зуураа л зураг хөрөг, гэрийнх нь хаягийг нь яг таг мэдээд авах тохиолдлууд бий. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд танилын орчин ихийг ч хэлэх үү, хүн болгон хүн болгоны хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй харьцаж нийгмийг арай өөр түвшинд гаргах шаардлага зарим тохиолдолд тулгараад байна.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж