“Бурхангүй газар Бомбо галзуурна”

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

“Бурхангүй газар Бомбо галзуурна”

Аливаа хэлний үгийн сан асар баян агаад тэр сангийн хэдэн арван мянган үгс, хэллэг, хэлц үгс урт, богино янз бүрийн настай байдаг. Зарим нь хэдэн мянганы настай, зарим нь хэдэн зууны настай байхад хэдхэн жилийн настай шинэ нялх үгс ч байдаг. Тийм ч учраас “Үгийн өвгөн утгын таяг тулмой” хэмээх хэллэг чухам үүнтэй холбоотойгоор бий болсон нь мэдээж. Зарим хүн тонгоруулаад “Утгын өвгөн үгийн таяг тулмой” гэх нь ч бий. Аль нь ч гүн учир утгатай бөлгөө. Энэ хэллэгийн жишээ болсон нэгэн хэллэгийг энд тайлбарлан уншигч танаа хүргэхийг хүсч байна. Тэр бол “Бурхангүй газар Бомбо галзуурна” хэмээх хэллэг болой. Энэ өгүүллээс уншигч та энэ хэллэг, түүний үүсэл болсон хэрэг явдал хэзээ, хаана болсныг мэдэж авах болно.

Чингис хаан Нангиадын Бомбын суртлын их арш Чанчунь бомбод алтан гэрэгэ соёрхож, Тэнгэрийн доорхи орны бүх бомбын шашны зан үйлийг эрхлэн залсугай хэмээн лүндэн буулгасныг Чанчунь бомбоос уг эрх мэдэл, албан тушаалыг өвлөн авсан шавь Ли Жичан нь хэтрүүлэн ашиглаж Бурхны шашны зүгт дайралт хийн, их хааны нэрээр далайлган олон зуун сүм хийд, газар нутаг, эд хөрөнгийг нь Бомбын шашинд шилжүүлэн авч, лам хуврагуудыг нь бомбын сурталтан болгох зэргээр шашин хоорондын зөрчил тэмцэл өдөөн үүтгэсэн байдаг.

Чухам яагаад шашин хооронд ийн зөрчил үүсэв ээ? гэхүл ийм учиртай. Чингис хаан дэлхийн гол гол шашнуудтай танилцан агаад Будда, Бомбо, Күнзийн суртал гуравт илүү тал өгч байжээ. Улмаар Өгөдэй хааны үед эл байдал лавширч, хаан бээр эл гурван шашныг үндэслэгч Бурхан Будда, Лаоз, Күнз гурвыг тахин шүтэх, зураг хөргийг нь залж дээдлэх тухай зарлиг тушаал гаргахдаа Буддын хөргийг голд нь, нөгөө хоёрыг нь хоёр талд нь зэрэгцүүлэн байрлуулж байхыг заасан аж. Гэтэл Бомбын шашныхан олж авсан эрх мэдэл, онцгой эрх ямбадаа дулдуйдан нөгөө хоёрыг нь дээд талд нь залж, Буддын хөргийг доор нь байрлуулж, шашин номын аливаа үйл хэрэгт энэ мэтээр ялгаж хандах болсноос шашин хоорондын зөрчил үүсч эхэлсэн ажээ.

Энэ тухай их хааны зарлигийн бичигт ийн өгүүлжээ: “Ёс журмын дагуу бомбынхон гурван мэргэний хөргийг залахдаа Бурхны хөргийг голд нь, Лаоз ба Күнзийн хөргийг зүүн баруун хоёр талд нь байрлуулах ёстой. Гэвч тэд тогтсон ёс журмыг зөрчиж Бурхан багшийн хөргийг доод талд нь байрлуулах болжээ…” гэсэн байдаг. Эл байдал улам хурцдаж Буддын шашинд хүнд цохилт тулгарахад тэд арга буюу дээш нь их хаанд өргөх бичиг өргөн гомдол санал мэдүүлжээ. Уг нь Чингис хаан бүх шашныг адилхан үзэж зэрэгцэн оршихыг зөвшөөрсөн атал тийнхүү Өгөдэй хааны үед Бомбын шашныхан Чингис хаанд олсон нэр хүндлэлдээ дулдуйдан, бас Төрийн хөвгүүдийн сургууль хэмээх их гүрний төр засгийг авч явах түшмэл боловсон хүчнийг бэлтгэх зорилго бүхий сургууль байгуулах Өгөдэй хааны зарлигийг гүйцэлдүүлэхэд оролцох болсон завшаанаа ашиглан тийнхүү дураар аашилсаар байжээ.

Чанчунь бомбын эш хөрөг

Чанчунь бомбыг тэнгэр болсны дараа тус шашны тэргүүний сэнтийд заларсан Ли Жичан 1229 онд Монголын эзэнт гүрний их нийслэл Хархорумд ирж Өгөдэй хаанд бараалхан төрд зүтгэх ноёд түшмэдийг бэлтгэн сургах зорилго бүхий Төрийн хөвгүүдийн сургууль байгуулах асуудлыг зөвшин хэлэлцсэн байдаг. Ийнхүү төр засгийн боловсорсон албан хаагчдыг бэлтгэх дээд сургуулийн тогтолцоо бий болж 1234 онд анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. Тэрбээр Чанчунь бомбыг дагалдан Чингис хаантай уулзахаар аялан явж, зам зуураа “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх түүхэн үнэ цэнтэй судрыг туурвисан хүн билээ. Хожим нь төрийн их заргач Шихихутагийн хамтаар Хархорумд Бомбын шашны сүм байгуулж байв. Эдгээр үйлсэд хүчин зүтгэж Монголын төрөөс их хүндлэлийг олсон Ли Жичан бээр харин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Бурхны шашныг адлан сүм хийдийг нь булааж, лам хувраг, эд хөрөнгийг нь өөрийн шашны мэдэлд хүч түрэн авах болжээ. Түүгээр үл барам дээр дурдсан ёс бус зүйл ихэд гарч газар авснаар Бурхны шашны зүгээс их хаанд гомдол санал өргөн мэдүүлсэн нь энэ байлаа.

Гомдлыг хаантан хүлээн авч шадар сайд Елүй Чуцайд даалган шалгуулжээ. Улмаар шалгалтын дүнд Бомбынхны хуудуутай байдал илэрч Елүй Чуцайн зөвлөснөөр тэдний эрх мэдлийг хязгаарлан хорих зарлиг шийдвэр гарсан байна. Гэвч зарлиг шийдвэрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүй он жил өнгөрсөөр, тэр байтугай “Лаозын наян нэгэн хувилгаан төрх оршивой” хэмээх нэрт судар хэвлүүлэн тараасны дотор Бурхан багшийг Лаозын наян нэгэн хувилсан дүрийн нэг хэмээн номлох болсон нь Бомбын шашныг Буддын шашнаас дээгүүр тавьсан түрэмгий хэрэг болжээ.

 Ингэсээр 1250-иад оны үе болоход байдал хэвээр, Бомбынхон дураар аашлах нь хэрээс хэтэрсэн тул Буддын шашныхан дахин их хаанд өргөх бичиг бичиж нийслэл Хархорумд илгээсний дагуу их хаан Мөнх асуудлыг анхааралдаа авч Будда, Бомбын шашныхнаас шалгалт авах, ном хаялцуулж аль нь илүү болохыг нь тогтоох зорилгоор мэтгэлцээн явуулах шийдвэр гаргажээ. Тэрхүү мэтгэлцээний дүнд Бомбын шашныхан гартан ялагдаж, Буддын шашныхан ялсанд их хаан бээр дахин зарлиг болж, хэмжээ хязгааргүй аашилж ирсэн Бомбынхны явдал үйл, эрх мэдлийг хязгаарлаж, ёс бусаар шилжүүлэн авсан бүхнийг нь Бурхны шашныханд буцааж өгөхийг тушаажээ.

Хожмын Юань гүрнийг үндэслэгч их хаан Хубилай умард Хятадын захирагч их ван ахудаан 1254 онд гаргасан нэгэн зарлигийг үзье: “Мөнх тэнгэрийн хүчинд Мөнх хааны суу залийн ивээлд да-ван Хубилайн зарлиг: Сайдянчид дуулгах ану: Сюаньшэнь сүм дэх сургуулийн дэвсгэр газрыг заргач Ялвач, Тархун нарын шийдвэрээр сюцай нарт шилжүүлэхээр болсон амуй. Тэндэхийн бомбын шашинтан Фэн Жихэн уг шийдвэрийг хүлээн дагахаа илэрхийлсэн боловч өнөөг хүртэл тэр газрыг өгөхгүй хэмээн булаалдан маргасаар анам. Иймийн тул өдгөө эл зарлигийг үйлдэн илгээвэй. Өдгөө нэн даруй урьдын шийдвэрийг мөрдөн дагаж сүмийн байр, газрыг буцаан өгсүгэй. Фэн Жихэн дахин бүү булаалдагтун. Хөх барс жил Люпаньшаньд ахудаан үйлдэвэй.”

Чанчунь бомбын сүм дэх бичигт хөшөө

Зарлигт нэр гарч буй Фэн Жихэн гэгч нь Зүрчидийн Алтан улсын үед эрдэмд шамдан боловсорч, бичиг ном, яруу найрагт нэвтэрсэн хүн агаад Ли Жичантай дотнын анд, Чанчунь бомбын шавь байжээ. Тэрээр 1233 онд Ли Жичаны хамтаар Хархорумд ирж Өгөдэй хаанд бараалан зүтгэж, бас тулгар байгуулагдсан Төрийн хөвгүүдийн сургуульд багшлах болжээ. Сайдянчи гэгч нь Янжин хотноо Дотоод бичгийн яамны эрхин түшмэл Сайд Азаль Шамс-ад-дин хэмээх өнгөт нүдтэн хүн, Ялвач нь бүр Чингис хааны үеэс Монголын төрд зүтгэсэн өнгөт нүдтэн сайд байсан бөлгөө.

1250-иад оны дунд үе хүрч ирэхэд Бурхны шашныхан дахин өргөдөл гомдол мэдүүлж, дүнд нь Буддын ба Бомбын шашныхны дунд ном хаялцуулан шалгах ажлыг ийнхүү явуулжээ. Мөнх хааны үед 1256, 1258 онд хоёр удаа болсон эл ном хаялцааны дүнд Бомбынхон нэгмөсөн ялагдаж, эрх мэдэл нь  хумигдан буурсан юм. 1258 оны мэтгэлцээнд тэр үед улсын их ван байсан хожмын их хаан Хубилай, Түвдээс залагдаж ирсэн, хожмын улсын их багш Пагва ламтан нар биечлэн оролцож шүүн шалгажээ. Үүнтэй холбоотой зарлигийн бичиг хөшөө чулуунд сийлэгдэн үлдсэн нь өнөөдөр нэн чухал эх сурвалж мөн бөгөөд түүнийг Хятад судлаач, доктор Д.Наран тусгайлан судалж гаргаж ирсэн юм. Тэрээр “Монголын төр ёсны боловсролын түүх” хэмээх эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ их гүрний боловсролын бүтэц, тогтолцоо, Төрийн хөвгүүдийн сургууль хэмээх анхны дээд сургуулийн талаар нарийвчлан судалсан билээ. Түүнчлэн эл сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хааны зарлигууд, тэдгээрийн заримыг хөшөө чулуунаа сийлсэн бичээсүүдийг эмхэтгэн судалж орчуулсан нь найман зууны тэртээх монголчуудын гэгээрэл боловсролын үйлстэй холбоотой  чухаг судлагдахуун мөн. Ингээд их хааны зарлиг дахин гарчээ. Энэхүү зарлигийг бүрэн эхээр нь сийрүүлвэл:

“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээлд агч хааны зарлиг ану: Морин жил буддынхан ба бомбынхны хооронд мэтгэлцээн болж бомбынхон гартаж, тэдний 17 хуврага үсээ хусуулан буддын шашинд орчухуай. Урьд буддын шашинд өгөхийг зарлиг болгосон 482 сүм хийдийг бомбын суртлынхан эзэгнэсэн хэвээр тул тэдгээрээс 227 сүм хийдийг эзэмшил газар нутгийн хамтаар буддын шашинд эгүүлэн өгсүгэй. Бомбынхны үйлдсэн хуурамч ном судар, хэвлэлийн зураг дурдас зэргийг шатааж, чулуун хөшөөн дээр үйлдсэн аливаа бичиг сургаалыг мөн устгасугай. Ёс журмын дагуу бомбынхон гурван мэргэний хөргийг залахдаа Бурхан багшийн хөргийг голд нь, Лаоз ба Күнзийн хөргийг зүүн баруун хоёр талд нь байрлуулах ёстой. Гэтэл тэд эл тогтсон ёс журмыг зөрчин Бурхан багшийн хөргийг доод талд нь байрлуулсаар амуй. Ийм зураг байвал даруй устга. Өдгөө бомбынхон буддын шашны лам нарт шилжүүлэх ёстой сүм хийдийн хагасыг нь өгсөн атлаа буцаан авахаар булаалдаж, устгах ёстой ном судрынхаа тэн хагасыг аанай устгаагүй байнам. Урьдын зарлиг ёсоор буддын шашинд эгүүлэн өгөх ёстой бүх сүм хийд, тэдгээрийн эзэмшил газрыг даруй шилжүүлэн өгч, устгаагүй хуурамч ном судар, хэвлэлийн зураг дардсыг даруй шатаасугай. Хэрэв сүм хийд, тариалангийн талбай, нуур цөөрмийг буцааж өгөхгүй бол цаазын ял хүлээлгэсүгэй. Жи-юанийн 17 дугаар оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дайду Хаанбалгаст үйлдэвэй” хэмээсэн байна. Энэ бол 1280 оны зарлиг юм аа.

1220-1240-өөд оны хооронд буюу Чингис, Өгөдэй хааны үед христ, нестор, будда, бомбо, күнзийн суртал зэрэг олон шашныг алагчлалгүй тэгш үзэн их гүрний хэмжээнд дэлгэрүүлж ирсэн бол 1240-1260-аад оны үед буюу Гүюг, Мөнх хааны үед гурван богдын сургаал хэмээгдсэн Бурхны шашин, Бомбын шашин, Күнзийн суртал гурав ялгаран тунаж илүүтэйгээр дэлгэрч байсан бол 1260-аад оноос хойш ийнхүү Буддын шашин Монголын их гүрний төрийн шашин болж цолгорон өргөмжлөгдсөн учиртай. Тэгэхдээ Хубилай хаан төр, түмнийг засах хос ёсны бодлого гэгчийг баримтлах болсон байдаг. Энэ нь Бурхны сургаалаар түмнийг залж, иргэний ёсоор төрийг жолоодох бодлого юм. Иргэний ёс, бас бичгийн сургаал гэдэг нь Күнзийн суртал болой. Күнзийн суртал бол уг нь шашин биш, харин хүн хэрхэн аж төрөх тухай, хүний нийгэм ямар байх тухай, төр засаг, түмэн ардын ёс журам ямар байх тухай номлосон сургаал, суртал юм. Марксын сургаал, Лениний сургаал гэдэг шиг.

Харин Бомбын шашныг хуучны ном сударт бас Бомбын суртал гэдэг агаад олон улсад бол Даосизм буюу Даосын шашин гэж нэрлэдэг билээ. Дао хэмээх нь угтаа Зам мөр гэсэн утгатай, уг суртал нь зам мөрийн сургаал, хүмүний амьдралын зам мөр ямар байдаг, ямар байх учиртайн тухай сургаал юм. Одоогоос 2500-гаад жилийн өмнө аж төрж асан Лаоз хэмээх их сэтгэгч анх үүсгэсэн гэдэг бөгөөд хожим нь Бурхны сургаалаас багагүйг өвлөн авсан учраас бас заримдаа Хөхийн шашин гэх нь ч бий. Эрт тэр цаг үед Монголын их хаадын ивээлд орж, ялангуяа Хятад газарт ихэд дэлгэрч байсан энэ шашин өдгөө Тайвань зэрэг Зүүн өмнөд Азийн улс оронд нэлээд уламжлагдаж үлдсэн агаад монголчуудын дунд тархсан урт наст Цагаан өвгөн, өнөөгийн Баянзүрх дүүргийн Амгалан хавьд байсан Маймаа хотын Гэсэр сүм зэрэг нь Бомбын ёсных юм.

Энэ бүхэнтэй холбогдуулан нэгэн жишээг дурдахад, Хубилай хаан нэгэнтээ хятад эрдэмтнээс “Гурван мэргэний сургаалаас аль нь эрхэм буй?” хэмээн асуухад тэрбээр “Бурхны сургаал алт мэт, бомбын сургаал хаш мэт, бичгийн суртал таван тариа адил болой” хэмээжээ. Хубилай хаан “Тэгвэл бичгийн суртал хамгийн дорд бус уу?” гэсэнд мөнөөх эрдэмтэн “Шижир алт, өнгөт хаш хэдийгээр үнэт ховор эд боловч тэдэнгүйгээр хүн болно, харин таван тариагаар нэг ч өдөр дутагдаж болохгүй билээ” гэж өчсөн гэдэг. Ерөөс шашин хэмээх нь хүнийг хүн байхад сургадаг гүн ухаан, хүмүний оюуны үйл, ёс журам агаад эртний хэллэгээр суртал, суртахуй, гадаад үгээрээ шашин/шасна хэмээх эртний самгарди хэлний үг/, эерүү хэллэгээр бол сургаал, номлол, орчин үеийн нэр томьёогоор бол үзэл суртал билээ. 

Одоогоос найман зууны тэртээ дэлхийн хагасыг эрхшээсэн Монголын эзэнт гүрэнд болсон нэгэн хэрэг явдалд Монголын төр засаг хэрхэн оролцож, хэрхэн шийдвэрлэсэн тухай цухас дурдахад ийм байна. Өргөн уудам газар нутгийг хураан захирсан их гүрний нэгээхэн хэсэгт буюу Хятад оронд болсон эл хэрэг явдал нийслэл Хархорумд хүрч хаант төр эрхлэн шийтгэсний үндсэн дээр олон жил сунжран үргэлжилсэн эл хэрэг явдал ийнхүү шийдэгдсэн байдаг. Хаант төрийн журам ёс, зарлиг зангараг хатуу чанга ч байж, хаант төрийн буулга ч хүнд байж, шашин номын үйлийг хэрхэн явуулах тухай төрийн урьдын зарлиг шийдвэрийг хөсөрдүүлсэн хүмүүс бүгд зохих ял шийтгэлээ хүртэж, бүх юм ном журамдаа орж жигдэрсэн байдаг. Үүнээс үүдэн “Бурхангүй газар Бомбо галзуурна” гэдэг хэллэг үүдсэн болой. Энэ нь цаад утгаараа “журамгүй бол чөтгөр туйлна” гэсэн утгатай болой.

Эртний угшилтай монгол хэлний баялаг үгийн санд энэ мэт түүх өгүүлэх сургамжит үг хэллэг цөөнгүй бий. Энд дурдан буй Монголын анхны төдийгүй дэлхийд эртнийд тооцогдох дээд сургуулийн тогтолцоо асан Монголын их гүрний Төрийн хөвгүүдийн сургууль өнөө ч Бээжин хотноо өнө эртний их үйлсийг илтгэн оршсоор билээ. Гэвч энэ тухай дараа дахин өгүүлсү.

Хархорум бол дэлхийн дайдыг эзлэн нэгтгэсэн их гүрний нийслэл байсны хувьд нэгэн дээвэр дор нэгдсэн олон газар орны аливаа үйл хэргийг энэ мэтчилэн Хархорумд хэлэлцэн шийдвэрлэдэг байсан бөгөөд, төрийн их үйлийн учраа мянганы чанад алс газраас Невийн Александрын эцэг Оросын их ван Ярослав, Гүрж, Арменийн хаад ноёд биечлэн морилж, Ромын пап, Францын хаан, Алтан, Сүн улсын элч төлөөлөгчид есөн хэлийнхэн нааш цааш явалцан зорчдог байсныг санахул “Зам бүхэн Ромд хүрдэг” гэсэн зүйр үг байдаг шиг нэгэн цагт зам бүхэн Хархорумыг чиглэж байсан болой.

Харамсалтай нь удалгүй гүрний их нийслэлийг өмнө газарт шилжүүлснээр Хархорумын хөгжил цэцэглэлт зогссон юм. Өнөөдөр найман зууны хойно манай эрдэмтэн судлаачид Хархорумын туурьт гаднын нөхөдтэй хамтран малтлага судалгаа хийж, ямархан хот нийслэл байсных нь дүр төрхийг сэргээн тодотгож байгаа нь нэн сайшаалтай. Миний бие эртний түүх бичлэгээс Хархорумын тухай мэдээ баримтуудыг уудлан үзэж түүндээ тулгуурлан “Хархорумын мөнгөн мод” хэмээх баримтат түүхэн роман бичиж буйгаан уншигчдадаа дуулгасу. Төрийн томилолтоор 2001-2009 онд Бээжинд Элчингийн газраа сууж ахудаан ахмад эрдэмтний зөвлөснөөр Юань гүрний их нийслэл Дайду-Хаанбалгасын тухай түүхийн эх сурвалжуудыг шүүрдэн үзэж, тэдгээрийг газар дээр нь үлдсэн үлдэгдэл туурь, эсбөгөөс үзэгдэх юмгүй ч нэр ус нь үлдэж хоцорсон газруудыг нь сурвалжлан явж тодлон тогтоосоор Элчин сайд Г.Батсүхийн хамтаар “Гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас” хэмээх номыг бичиж 2013 онд хэвлүүлэн монгол түмнээ хүргэсэн билээ.

2002 онд нэрт эрдэмтэн, түвдэч Ү.Хүрэлбаатар багштан Японд багшлахаар Бээжингээр дайран хэд хоноод явахдаа “Бээжин бол эртний их гүрний нийслэл байсан газар. Өнөө ч багагүй юм үлдсэн байх учиртай.  Явуулын бид биш, суурин суугаа та нар судалж сурвалжлан гаргаж ирэх ёстой шүү” хэмээн захиж, басхүү ганц нэг газраар нь хамт явж үзэцгээсэн нь энэхүү судалгааг хийх дур хүслийг минь асааж өгсний дээр, 2008 онд Оросын Нангиад судлалын эцэг, бас Оросын Монгол судлалын эцэг гэгддэг их эрдэмтэн Яакинф Бичурины бүтээлүүдийг үзэж байхад тэрбээр яг 200 жилийн өмнө 1808-1821 оны хооронд Бээжинд Оросын төлөөлөгчийн газарт ажиллах хугацаандаа тэр үеийн Бээжин хотыг гудамж талбай бүрээр нь хэмжин явж, тэмдэглэн бичиж судалснаа дурдсан байдаг нь хожмын хүнд үнэт авлага болсон нь мөхөс хүмүнд гайхалтай сайхан үлгэр болж тэр их эрдэмтний нөр хичээнгүй зүтгэл үйлд хавьтахгүй юм аа гэхэд багцаа баримжаа болгон хэдэн жил зүтгэсээр тийн Дайду-Хаанбалгасын найман зууны хойнох өнөөгийн үлдэгдэл байдлаар нь сэргээн тодотгох боломжийг олсон нь энэ номд орсон юм аа.

Цөөн хувь хэвлэсэн энэ ном "Интер ном” номын дэлгүүрт худалдаалагдаж бий. Монголчууд алба, амины хэргээр өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод байнга зорчдог агаад зав зай гарган эх түүхийнхээ сонин сайхныг үзэх гэж тэнд агч эртнээс сураг сонордсон дээдсийн түүхт газруудаар явах нь их болсон өнөө цагт энэ ном тэдэнд аятайхан гарын авлага болох нь дамжиггүйг ялдараа сануулахын хамтаар, олон жилийн өмнө Германд ажиллаж байх үед Монголоос бичгийн мэргэд ирж хамт Париж явж үзэх гэж буйг минь тэндэхийн зарим монгол сонсоод “Та Париж явж яах юм бэ. Ром яваач. Ромын захууд нь ёстой гоё, бараа нь ёстой хямд” хэмээн ятгаж байсныг нь санан, тэгж сэтгэдэг цаг үе биднээс алсран холдож байгаа буй заа хэмээн найднам.

                                             Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,                                                 Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж