Орчин цагийн “уулын өвгөн”

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Орчин цагийн “уулын өвгөн”

 

Манай эриний 1094 онд Хасан ибн Сабах гэгч мансуурагч амиа золиослогчдын армийг бэлтгэн 13-р зуун хүртэл 300 шахам жил лалын ертөнц тэр бүү хэл Барууныхыг айлган сүрдүүлж байжээ. Түүх бичгүүдэд өгүүлснээр Сабах гэгч нь идэр залуусыг диваажин мэт цэцэрлэгт мансууруулан, цэнгэлийн дээдийг амтлуулсны дараа эзэн ноёныхоо төлөө амиа өгвөл энэхүү жаргалыг үүрд эдэлдэг хэмээн итгүүлэн, алуурчин болгон бэлтгэдэг байв. Амиа золиослогчид тулгуурлан “уулын өвгөд” өөрийн хэрцгий засаг захиргааг байгуулж, тушаалыг зөрчин сөргөлдсөн хэн бүхэнд ялгаагүй үхэх ял оноодог байжээ. Тэд Иран, Ирак, Египет, Сири, Туркийн, бүр яваандаа Европын ихэс дээдсийг айлгах болсон бөгөөд гагцхүү 13-р зуунд Монголын Хүлэгү хаан тэднийг арга сүвэгчлэн устгаж байжээ.

 

 

Тэгвэл XIX зуунд Сири, Иракийн нутагт исламын халифатыг тунхаглаад буй “Исламын улс” бүлэглэл эрт цагийн “Уулын өвгөд”-ийн үйл ажлыг залгамжлагчид болжээ. “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади бол орчин цагийн “Уулын өвгөн” болж байна. Түүний уриалснаар исламын халифатад үнэнчээ тангарагласан жихад цэргүүд дэлхийн өнцөг булан бүрд алан хядлага, халдлага үйлдэж, дэлбэлж, хүчирхийлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Парист 130 хүний амийг хөнөөсөн халдлагыг ч мөн түүний тушаал, заавраар үйлдсэн билээ. Абу Бакр аль-Багдадын үнэнч цэргүүд дотоодын зөрчилд идэгдсэн Сири, Иракийн газар нутгийн нэлээдгүй хэсгийг богино хугацаанд эзлэн авч, Европт амиа золиослогчдоо илгээн халдлага үйлдүүлснээр дэлхий нийтийг цочроосон юм. Абу Бакр аль-Багдади сар бүр шинээр 1000 дайчныг элсүүлэн авч, 50-60 залуу хүнийг амиа золиослогч болгон бэлтгэдэг аж. “Исламын улс” бүлэглэлийн дайчин элсүүлэх суртал ухуулгад Барууны залуус автаж, амиа золиослогч болох замыг сонгох нь нэмэгдсээр байна. Шинээр элссэн залуусын сэтгэлийг татахын тулд охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах “секс жихад”-ыг санаачлан хэрэгжүүлэх болов. “Исламын улс” бүлэглэл эзлэн авсан газар нутагтаа өөрсдийн дүрмийг тогтоон, исламын шашны нэрийн дор харгис цааз аллага, хүчирхийлэл үйлдэж байгаа юм.

 

”Исламын улс” бүлэглэлийн дайчин

 

Коран сударт зөнч Мухаммедыг нас барсны дараа түүний дотны нөхөр, хадам аав Абу Бакр хууль ёсны залгамжлагч гэгдэж олонхын дэмжлэг авсан тухай гардаг аж. Харин Абу Бакртай нэр нэгтэй байсны ачаар Абу Бакр аль-Багдади Исламын халифатын толгойлогч болж тодорчээ. Иракийн нэгэн овгийн гишүүн түүнийг Зөнч Мухаммедын удмын залгамжлагч хэмээн зарласан аж. Абу Бакр аль-Багдади 1971 онд Иракт дундаас доош орлоготой Суннит гэр бүлд төржээ.

 

Абу Бакр аль-Багдади

 

АНУ-ын тусгай алба 2004 онд Иракт цохилт хийхдээ аль-Багдадийг найзынх нь хамт баривчилж хорьсон байв. Түүнийг онц ноцтой гэмт хэрэгтэн гэж сэжиглээгүй тул 2004 оны сүүлээр суллажээ. Суллагдсаныхаа дараа Аль-Багдади Иракийн нийслэлд очиж, Саддам Хуссейнээс хойш хүч нь бэхжиж байсан жихад бүлэглэлд элссэн байв. Улмаар 2006 онд аль-Багдади Ирак дахь аль-Кайдагийн салбар нэгэн бүлэглэлд элсчээ. Тус бүлэглэлийн толгойлогч Абу Мусаб аз-Заркави гэгчийг АНУ-ын тусгай хүчнийхэн хөнөөсөн аж. Үүний дараа аль-Багдади 2010 онд өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хоёр жихадыг хөнөөснөөр толгойлогч болжээ. АНУ Абу Бакр аль-Багдадийг зартай алан хядагчийн жагсаалтад оруулж, түүнийг барьж авчирсан эсвэл хөнөөсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амласан билээ. Аль-Багдади гурван эхнэртэй. Тэдний хоёр нь ирак, нэг нь сири гаралтай. Сажа аль-Дулайми гэгч эхнэр нь албан ёсных гэж явдаг байна. Сажа аль-Дулайми нь түүнтэй интернетээр танилцаж гэрлэснээр охин төрүүлж өгсөн гэнэ. Өмнөх гэрлэлтээсээ аль-Багдади нэг хүүтэй аж.

 

Хассан ибн Сабах

 

Өмнөх үеийн “уулын өвгөн” Хассан ибн Сабах Персийн Кум хотод /одоогийн Иран/ 1050-аад онд төрсөн байв. Тэрбээр хэл шинжлэл, философи, одон орон судлал, математикийн ухаанд суралцсан төдийгүй коран судрыг чээжээр мэддэг нэгэн байжээ. Персээс Ирак, Сири, Египетэд, Палестины газар нутгаар аялж исламын номлол хийдэг байсан талаар тэмдэглэгдэн үлдсэн байна. “Бүргэдийн үүр” хэмээн алдаршсан Аламутын гол цайздаа Хассан Сабах 35 жил бүгж, шадар дотны хүмүүстэйгээ л нүүр харан уулздаг байсан аж.  Хассан нь тэр үед Египетийг захирч байсан исмайлчуудыг толгойлдог Фатимид имамын залгамжлагч байжээ. Гэвч тэрбээр “Имамын бутач байснаас зарц нь байхыг илүүд үзнэ” хэмээн өөрийн замыг бий болгосон гэнэ. Тэрбээр Фатимидын ууган хүү Низарын удам байсан аж. Хассан Сабах Низарын исмайлчууд буюу хожмоо “хашашин” гэж нэрлэгдэх амиа золиослогчдын армийг байгуулжээ. Түүнийг 1124 онд устгах хүртэл нууц цайздаа үзэсгэлэн төгс өсвөр насны охидоор “үйлчлүүлэн” өөрийн байгуулсан диваажиндаа амьдарч байсан аж.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж