Орос, Хятад хий нийлүүлэлтийн гэрээг эцэслэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Орос, Хятад хий нийлүүлэлтийн гэрээг эцэслэж чадсангүй

   Энэ сарын дундуур Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн Орос улсад хийж буй айлчлалын үеэр хоёр тал хий нийлүүлэлтийн түүхэнд гэрээг эцэслэнэ гэж шинжээчид үзэж байсан юм. Үндсэндээ 30 жилийн хугацаанд 700 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж тооцоолж буй юм. 2006 онд үзэглэсэн урьдчилсан гэрээний дагуу Газпром Хятад руу 2015 оноос эхэлж жил бүр 70 тэрбум куб метр хий нийлүүлэхээр болсон байна. Оросын Хийн холбооны Ерөнхийлөгч бөгөөд Оросын Төрийн Думын дэд дарга Валерий Язев “Иймэрхүү томоохон хэлэлцээр хугацаа шаарддаг нь жам ёсны зүйл. Энэ нь Оросын ДНБ-ын хоёр хувьтай тэнцэнэ. Хэрэв энэ онд багтаан үнийг тохиролцож чадвал, манай улс 2015 оноос эхлэн Хятад руу хоолойгоор дамжуулан хий нийлүүлж магадгүй” гэж тэрээр өчигдөр мэдэгджээ.
   Хийн нийлүүлэлтийн гэрээг эцэслэхэд үнийн асуудалд маргаан үүссэн нь  гол хүндрэл үүсгэжээ. Оросын төрийн өмчийн “Газпром” компани мянган куб метр хийг 350 ам.доллараар  нийлүүлнэ гэсэн бол Хятадын түлш шатахууны үндэсний корпораци 235 ам.доллараар үнийг тогтооё гэжээ. АНУ-ын эдийн засгийн мэдээллийн “IHS Global Insight” байгууллагын Оросын асуудал хариуцсан судлаач Эндрью Нэфф хэлэхдээ “Газпром Европын орнуудад нийлүүлдэг урт хугацааны гэрээт үнийн түвшинтэйгээ нийцүүлэн гэрээний ханшийг тогтоохоор чармайж байна” гэжээ.
   Орос улс 2011 оны эхний хагасын байдлаар байгалийн хийн бүтээгдэхүүнээ мянган куб метр тутмыг нь 346 ам.доллараар Европ руу нийлүүлжээ. Гэрээний үнийн түвшин газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн 500 ам.долларт хүрч магадгүй байгаа юм.
   Оросын санал болгосон үнийн тухайд харин Бээжин дэх Хятадын түлш шатахууны их сургуулийн Олон улсын газрын тосны бодлогын хүрээлэнгийн захирал Пан Чанвэй “Европын зах зээлийн үнэд үндэслэх нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь газарзүйн хувьд хоёр улсын хоорондох зай тээврийн зардал, компаний зардалын хувьд ч Баруун Европынхтой харьцуулахад тун бага юм. Хятадын хувьд долларын ханшийн сулрал төдийгүй өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон Япон дахь цунамийн гамшгийн улмаас байгалийн хийн эрэлт нэмэгдсэн хүчин зүйлсийг тооцон өмнө нь төлөвлөсөн байсан үнийн саналаа ихэсгэсэн. 235 ам.долларын үнэ гэдэг нь Оросоос импортлох гэж буй хийн үнэлгээнд бенчмарк болгож тооцох манай улсын импортын байгалийн хий болон нүүрснээс гаргаж авдаг хийн түлшний үнээс давж буй юм. Оросын хувьд Хятадын зах зээлд аль болох түргэн нэвтрэх нь хойшлуулшгүй нэн тэргүүний зүйл. Хэрэв тэд алдвал, өөр олон сонголт бий болохын хэрээр ойрын 10 жилд тэдэнд дахин ийм том боломж тохиохгүй” гэжээ.
   Хятадын Үндэсний зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дорхи Евро-Азийн нийгмийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн профессор Зан Жин “Хятадын хийн үнэ олон улсын түвшинтэй харьцуулахад доогуур байдаг. Хэрэв Газпромын хэлсэн үнээр тохиролцвол дотоодын зах зээлд бүтээгдэхүүний үнэ өсгөж, цаашлаад бусад түлшний үнийг хөөрөгдөх болно. Энэ бол Засгийн газрын хэлэлцээрийг эцэслээгүй зарим шалтгаан болно” гэжээ.
   Гэхдээ тун удахгүй Хятадад хийн түлшний үнэ өсөх нь тодорхой болоод байна. Учир нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нефть, хийн үнийг энэ жилдээ багтаан өсгөх тухай энэ сарын эхээр мэдэгдсэн юм.  
   “Газпром”-ын дэд дарга Александр Медведев “Бид гэрээг эцэслэхэд тун ойрхон байна, гэхдээ барианд орохын өмнө ихэнхдээ сүүлийн алхам хүндхэн байдаг” гэж Блүүмбергт ярилцлага өгөхдөө хэлжээ.
   Оросын Эрчим хүчний сайд Сергей Шматко Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн тус улсад хийсэн айлчлалын үеэр “Яарах хэрэггүй. Бидэнд гэрээнд үзэглэх сайхан боломж байна. Гэхдээ талуудын аль аль нь уян хатан байх ёстой” гэжээ.
   2010 оны байдлаар Хятадын хийн нийт хэрэглээ 107 тэрбум куб метр байжээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж