Пхеньяны эсрэг АНУ, Хятад хамтарч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Пхеньяны эсрэг АНУ, Хятад хамтарч ажиллаж байна

 

Дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хоригийг чангатгах тогтоолын төслийг АНУ, Хятад улсууд хамтран боловсруулж байна. Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хоригийн тогтоолын төслийг удахгүй өргөн барина хэмээн мэдэгджээ. Ван И Вашингтонд Жон Керритэй уулзсаныхаа дараа Пхеньяны эсрэг хоригийн тогтоолын төсөл боловсруулах ажил амжилттай байгааг хэлжээ. Хойд Солонгос холын тусгалын пуужин хөөргөсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж,  Пхеньяны эсрэг хоригийг чангатгахаар болсон юм. Хойд Солонгосын ойрын холбоотон Хятад улс энэ удаад Пхеньяны эсрэг хоригийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм.

 

Пхеньян хиймэл дагуул хөөргөх сансрын хөтөлбөрийн цэвэр шинжлэх ухааны зорилготой хэмээсэн боловч хөрш Өмнөд Солонгос, АНУ тэр ч бүү хэл Хятад улс хүртэл үүнийг  баллистик пуужин турших халхавч хэмээн харддаг байна. Түүнчлэн Пхеньян энэ сард хиймэл дагууд зөөгч пуужин хөөргөсний дараа Сөүлийн зүгээс Солонгосын хойгт АНУ-ын пуужингаас хамгаалах системийг байрлуулах асуудлыг хэлэлцэж эхлэхээ анхааруулсан юм.

 

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдэгдсэн нь олон улсыг цочроосон билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж